НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ковенцын 16 дугаар чуулганд үг хэлж оролцов
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцын талуудын 16 дугаар чуулган энэ 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд холимог хэлбэрээр болж байна. Чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа цахимаар оролцож, үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенц, түүний нэмэлт протоколыг соёрхон баталснаас хойш конвенцын үзэл баримтлал, зарчимд нийцсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгааг илэрхийлэв.
Монгол Улсад 115,100 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа 12,500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдарч байгаа тул хүртээмжтэй дэд бүтцийг хөгжүүлж, Монгол Улсын 21 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын төвийг байгуулсан тухай мэдээлэв. Мөн бодлогын уялдаа холбоо, тууштай байдлыг ханган ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг 6 аймагт байгуулсан гэв.
Түүнчлэн “Цахим үндэстэн” санаачлагын хүрээнд сонсголын бэрхшээлтэй хүмүүст төрийн үйлчилгээг хүргэх ажлыг дэмжих зорилгоор дуудлагын төв байгуулсныг дурдав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц (CRPD)-ын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит 2 ба 3 дугаар хамтатгасан илтгэлийг Конвенцын Хорооны 29 дүгээр хуралдааны үеэр буюу 2023 оны 8 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд танилцуулахаар бэлтгэж байгаа болно.