Хөдөлмөр нийгмийн хамгааллын болон Хүүхдийн эрхийн улсын байцаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид, Хүүхдийн эрхийн улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэх 2 өдрийн сургалтыг 2023 оны 06 дугаар сарын 13-14 болон 6 сарын 15-16 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Сургалт нь шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн хуулийн (2021) хүүхдийн хөдөлмөртэй холбоотой заалтуудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийхэд шаардлагатай Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) 138 дугаар конвенц, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенц, дотоодын хууль тогтоомжийн талаар хүүхдийн эрхийн болон хөдөлмөрийн хяналтын байцаагчдын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой. Байцаагчдын чадавхыг бэхжүүлснээр шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Мөн тус сургалт нь хүүхдийн хөдөлмөрийн өндөр эрсдэлтэй салбарыг тодорхойлох, хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй төлөвлөх, ажлын байрны хяналт шалгалтыг үр дүнтэй хийх чадавхыг бэхжүүлж, хүүхдийн эрхийн болон хөдөлмөрийн хяналтын байцаагчдын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, зохицуулалтыг сайжруулахад чиглэнэ.
Сургалтад ОУХБ-ын Ази, Номхон далайн бүсийн хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн ахлах мэргэжилтэн Барати Флуг хүүхдийн хөдөлмөрийн мониторинг болон ОУХБ-ын хүүхдийн хөдөлмөрийн конвенцуудын талаар мэдээлэл өгч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, аймаг нийслэлийн хөдөлмөрийн хяналтын 82, хүүхдийн эрхийн 68 улсын байцаагч, хамрагдаж байна.