ОУХБ-ын ерөнхий захирал Желбэр Унботой уулзаж хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар санал солилцлоо
Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 111 дүгээр чуулган 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Манай улсын 3 талын төлөөлөгчид чуулганы үеэр тус байгууллагын ерөнхий захирал ноён Желбэр Унботой уулзаж хуралдааны үеэр хэлэлцэгдэж буй асуудлууд нэн ялангуяа хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар санал солилцлоо.
Тухайлбал хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин сүүлийн 20 жилийн үзүүлэлт түүхэндээ хамгийн өндөр хувьтай гарсан нь сэтгэл түгшээж буйг онцолсон. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээнд нийт хүүхдийн 10 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаагаас тал хувь нь буюу 80 сая хүүхэд амь нас, эрүүл мэндэд аюултай хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байна гэсэн статистик мэдээ байна.
Хүүхэд бол сургуульд сурч, боловсрох, ур чадвар, төлөвшил олж, өөрсдийгөө хөгжүүлж эцэг эх, асран хамгаалагч нартаа туслаж болохоос хөдөлмөр эрхлэх үүрэггүй юм. Гэвч энэ байдал эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс тавих анхаарал халамжаас шууд хамаарна. Гэтэл нийгмийн хамгаалал, шударга нийгэм улс орнуудад харилцан адилгүй байсаар байна. Тиймээс энэ удаагийн чуулганаар хүүхдийн хөдөлмөр ба ядуурал, насанд хүрэгчдийн зохистой хөдөлмөр эрхлэлт, албадан хөдөлмөрийг устгахад чиглсэн зохистой хөдөлмөр, эрүүл аюулгүй ажлын байрыг бэхжүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох, бэхжүүлэх зэрэг асуудлыг онцолж байна.
Манай төлөөлөгчид салбар хуралдаануудад оролцож дээр дурдсан асуудлуудаар санал солилцож байна.