ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ.
Манай Улсад айл өрхийн цалин орлого нь тодорхой байдаггүй. Албан бус секторт багтдаг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэх мэт, мөн улирлын болон түр зуурын ажилтай иргэдийн орлогыг тооцох, өрхийн орлогыг бодитоор гаргах боломж муу. Тиймээс олон улсын аргачлалаас манай улсад тохирох буюу хэрэглээнд үндэслэсэн "Орлогыг орлуулан тооцох аргачлал"-ыг ашиглаж өрхийн амьжиргааны түвшинг үнэлж байна.
Энэ аргачлалыг манай улстай эдийн засгийн нөхцөл ойролцоо байдаг Латин Америк, Зүүн европ болон Зүүн өмнөд азийн орнууд ашигладаг.
Энэ аргачлалын гол онцлог нь хаана аль бүс нутагт, хэн амьжиргааны түвшин доогуур амьдарч байна гэдгийг олж, илрүүлж чаддаг учраас бусад аргачлалаас илүү давуу талтай юм.
"Орлогыг орлуулан тооцох аргачлал"-ыг Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний статистикийн хороо хамтран баталж, 3 жил тутамд шинэчилэхээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2010, 2013 онд шинэчилсэн.
Энэхүү мэдээллийн санг 3 дахь удаагийн шинэчлэлийг хийхээр өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд 2017 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан юм.
Үүний дагуу судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулж мэдээллийн санд байгаа нийт өрхийн 80.0 орчим хувь буюу 579.2 мянган өрхийг хамрууллаа. Харин үлдсэн өрхүүдийг өргөдлийн дагуу үе шаттайгаар хамруулж, мэдээллийн санг бүрэн шинэчилнэ.
Эдгээр цугласан мэдээллийг үл хөдлөх хөрөнгө, иргэний бүртгэл, авто тээврийн хэрэгслийн бүртгэл зэрэг бусад мэдээллийн сантай тулгалт хийж баталгаажуулснаар мэдээллийн санг бүрэн шинэчлэх ажлыг 2017 онд хийж дуусгасан.
Энэхүү шинэчлэгдсэн мэдээллийн нэгдсэн санг 2018 оноос үйлчилгээнд ашиглаж эхлэсэн бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд зорилтот өрхийн гишүүн-иргэнд дараах үйлчилгээг үзүүлж байна.
- Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ;
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөх;
- Төлбөрийн чадваргүй ялагдагчид үнэгүй өмгөөллийн үйлчилгээ;
- Хорих ангиас суллагдсан иргэнд гэр олгох;
- Хүүхдийн мөнгө.
Тухайлбал: Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхөөс 554,0 оноо ба түүнээс доош оноотой өрхийн хүүхдэд хүүхдийн мөнгө олгож байна.
Энэхүү мэдээллийн сан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хадгалагддаг. Тус байгууллагаас 29.6 хувийн ядуурлын түвшингээс доогуур хэрэглээтэй байгаа өрхийн мэдээллийг өрх бүрээр гарган аймаг, нийслэлд хүргүүлэн 2020 он хүртэл эдгээр өрхүүдтэй ажиллаж ядуурлын түвшинг бууруулахаар ажиллаж байна.
Тухайлбал: Архангай аймагт ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй нийт 5936 өрх байна. Тэгэхээр энэ өрхүүдтэй л тулж ажиллах, амьжиргааг нь дээшлүүлэх, ядуурлаас гаргах бодитой ажлуудыг хэрэгжүүлэх юм.
Цаашид нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний нэр төрлийг оновчтой тогтоон зарим хөнгөлөлт, тусламжийг нэгтгэн багцалж, өрхийн мэдээллийн нэгдсэн сантай уялдуулан халамжийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлнэ.