ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАР

Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлын үйл ажиллагааны хөтөлбөр, Ази, Номхон далайн бүс нутгийн сайд нарын тунхаглалын хэрэгжилтийг үнэлэх үндэсний сайн дурын судалгааны тайлан боловсруулах явцад холбогдох тоо мэдээлэл, судалгаа, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, тайлангийн төслийг эцэслэн боловсруулах, цаашид Ази, Номхон далайн бүсийн Хүн амын долдугаар бага хуралд Монгол Улсын хэлэх үгийн төслийг боловсруулахад хамтран ажиллах зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөхийн ажил гүйцэтгэх хүрээ

Үндэсний сайн дурын судалгааны тайланг боловсруулахад дотоодын 2 зөвлөх ажиллах ба дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: 

  1. Судалгааны тайлан боловсруулах явцад холбогдох статистик тоо мэдээлэл, судалгаа, бичиг баримтад дүн шинжилгээ хийх;
  2. Ази, Номхон далайн бүс нутгийн сайд нарын Хүн ам ба хөгжлийн асуудлаарх тунхаглалд тусгагдсан 11 тэргүүлэх чиглэлийн хүрээнд холбогдох байгууллагуудтай уулзалт хийх, мэдээлэл цуглуулах;
  3. Мэдээллийг нэгтгэн боловсруулж, судалгааны тайлан боловсруулах;
  4. Судалгааны тайлангийн төслийг төр, төрийн бус байгууллагын төлөөллөөр хэлэлцүүлэн, холбогдох саналын тусган эцэслэн захиалагчид хүлээлгэн өгөх;
  5. Хүн амын долдугаар бага хуралд Монгол Улсаас хийх мэдэгдэл, илтгэлийн төслийг боловсруулах, холбогдох байгууллагуудаас санал авч тусгах.
  6. Үндэсний сайн дурын судалгааны тайлан боловсруулах, хэлэлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах;
  7. Ажлын явцын талаарх мэдээллээр захиалагч болон санхүүжүүлэгч байгууллагыг хангаж, ажлын хэсгийн хуралд танилцуулах.
  8. Зөвлөхүүд нь асуудал бүрээр бодлогын орчинд шинжилгээ хийж, ололт амжилт, сайн туршлага хүндрэл бэрхшээлийг тодорхойлох,
  9. Хүн амын анхдугаар бага хурал зохион байгуулагдсанаас хойш 60 жил, Ази, Номхон далайн Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийн бүс нутгийн тойм хийгдсэнээс 30 жил, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталснаас хойш 7 жилийн хугацааг хамруулж, холбогдох мэдээллийг цуглуулан дүгнэлт хийнэ.  

Нийлүүлэх бүтээгдэхүүн 

  • Холбогдох статистик тоо баримт, судалгаа, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн талаарх мэдээлэл,
  • Үндэсний сайн дурын судалгааны нэгдсэн тайлан,
  • Хүн амын долдугаар бага хуралд Монгол Улсаас хийх мэдэгдэл, илтгэл,
  • Ажлын гүйцэтгэлийн тайлан /Хүлээлгэн өгөх бүх материал нь хэвлэмэл болон файл хэлбэрээр/.

Зөвлөх үйлчилгээгээр нийлүүлэх бүтээгдэхүүн нь дараах шаардлагыг хангасан байна: 

  • Ажлыг гүйцэтгэх явцад ажлын хэсгийн гишүүдтэй зөвшилцөх, уулзалт, ярилцлага зохион байгуулах, санал авах зэргээр хамтран ажилласан байна.
  • Ашигласан статистик, мэдээлэл, судалгаа, баримтыг албан ёсны эх үүсвэрээс авч ашигласан байна.
  • Үндэсний сайн дурын судалгаа нь Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос ирүүлсэн зааврын дагуу боловсруулагдсан байна. 

Зөвлөхийн ур чадвар /сонгох шалгуур үзүүлэлтүүд/

  • Хүн ам, нийгмийн хөгжлийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланд дүгнэлт хийж, энэ чиглэлийн ажил гүйцэтгэхэд оролцож байсан туршлагатай байх,
  • Хүн ам зүй, статистик мэргэжилтэй, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно. 

Хугацаа  

Зөвлөх үйлчилгээ нь дараах 2 үе шаттай байна. Үүнд:

  • 2023 оны  05 дугаар сарын 29-өөс 2023 оны 07 дугаар сарын 07-ыг хүртэл 40 хоногийн хугацаанд үргэлжилнэ.
  • 2023 оны 11 дүгээр сарын 06-аас 2023 оны 11 дүгээр сарын 10-ыг хүртэл 5 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Материал хүлээн авах 

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2023 оны 05 дугаар сарын 25-ны дотор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 204 тоот /Ц.Мягмарсүрэн/ ирүүлнэ үү.


Дээш