Европын Холбооны улсуудаас тэтгэврийн шинэчлэлийн талаар туршлага судлах уулзалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газар, Европын Холбооны Европын Комиссын Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох төсөлтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулсан Европын холбооны улсууд, тэр дундаа хуучин социалист байсан улсууд тэтгэврийн шинэчлэлийг хэрхэн хийсэн талаар туршлага судлах уулзалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
Тэтгэврийн сангийн удирдлага, тэтгэврийн шинэ тогтолцоонд шилжих үйл явц, тэтгэврийн тогтолцооны засаглал, байгууллагын бүтэц ба мэдээлэл технологийн систем, харилцаа холбоо гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл солилцож, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын зөвлөхүүд, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон юм.
Манай улс тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн параметрийн өөрчлөлт хийх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог шинээр нэвтрүүлэх, үйлчилгээг цахимжуулж, иргэдэд түргэн шуурхай ил тод, шилэн мэдээлэл, үйлчилгээ хүргэх зорилгыг бид дэвшүүлж Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээс өмнө хуучин социалист улс орны тэтгэврийн шинэчлэл хийсэн туршлагыг судлах нь бидэнд ихээхэн ач холбогдолтой юм.