Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний чуулганыг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа

uploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх уриатай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний чуулганыг Төрийн ордны Их танхимд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Үндэсний чуулганд УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл бүхий 800 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч, осол, эндэгдэл гаргахгүй байх арга хэлбэрийг тодорхойлох зорилготой тус чуулганаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, ажилтан болон ажил олгогчдын  үүрэг хариуцлага, санхүүжилт, олон улсын туршлага, стандарт, хяналтын талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.  

uploaded picture2022 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого нийт 395 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс  хөнгөн-149, хүнд-189, нас барсан-57 тохиолдол байна. Харин 2023 оны 1-р улирлын байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого нийт 58 тохиолдол бүртгэгдсэнээс хөнгөн-17, хүнд-35, нас барсан-6 тохиолдол байгаа юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн статистик мэдээллээр 2022 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 2694 хүн идэвхтэй хяналтад байна. Үүний 2170 нь эрэгтэй, 524 эмэгтэй байна. Мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчний тохиолдол хамгийн өндөр буюу 1410 тохиолдол байгаа юм. Нийт тохиолдлын 73.9 хувь нь уул уурхай, олборлолтын салбарын ажиллагсад хамаарч байна. Мөн 2022 оны байдлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагуудаар сүүлийн 3 жилийн хугацаанд  358 аж ахуйн нэгж байгууллагын 5824 ажлын байр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хамрагдсанаас 51% нь буюу 2970 ажлын байр стандартын шаардлага хангахгүй байна.

uploaded pictureИймд ажиллагсдын эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангаж, ажил олгогчид, ажиллагсад өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгохын тулд ажил олгогч болон ажилтны идэвхтэй оролцоо, нийгмийн түншлэгч талуудын үр дүнтэй хамтын ажиллагаа нэн шаардлагатайг чуулганы төлөөлөгчид онцолж байв.

Дээш