“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ууд шагналаа гардлаа  

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, идэвх, санаачилгыг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах ажлыг 2012 оноос эхлэн 12 дахь жилдээ зохион байгуулж байна.

“Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах энэ жилийн сонгон шалгаруулалтад 6 салбарын 200 гаруй байгууллагаас 2 үе шаттай шалгаруулалт явуулсан.

Хүсэлт, материалаа ирүүлсэн байгууллагын тоо өмнөх жилүүдээс нэмэгдсэн нь аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд ач холбогдол өгч, эрүүл, аюулгүй ажлын байр, орчинд ажиллахыг эрхэмлэх болсны илрэл юм.

Энэ жилийн хувьд үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд идэвх санаачилгатай ажилласан дараах 10 байгууллага  “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар шалгарлаа.

  • ДУЛААНЫ 3-Р ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК
  • ХӨВСГӨЛ АЙМАГ ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК
  • “МАК” ХХК-НЫ НАРИЙН СУХАЙТЫН УУРХАЙ
  • “ЦАЙРТМИНЕРАЛ” ХХК
  • ЗҮҮН ХАРАА ДАХЬ АЧААНЫ ВАГОН ЗАСВАРЫН ДЕПО
  • “МИЛКО”  ХХК
  • ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ 
  • НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 38-Р СУРГУУЛЬ
  • НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 198-Р ЦЭЦЭРЛЭГ
  • ДУНДГОВЬ АЙМГИЙН “ӨЛЗИЙТ МАНДАЛ” ӨЭМТөв

Шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Г.Эрдэнэтөгс болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд гардууллаа.

Дээш