Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны удирдлагуудтай санал солилцлоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон бусад удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
МАОЭНХ-ны удирдлагууд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажил хэрэгч, чадвартай хүн томилогдсонд баяртай байна гээд сайдын ажилд амжилт хүсээд ажил олгогч болон хөдөлмөрийн харилцаанд тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.
Нийгмийн даатгалын багц хуулийг батлуулахад хамтарч ажиллах, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хамтран анхаарч ажиллах, хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийн талаар хамтарсан ажлын хэсэг гаргаж судалгаа хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудалд анхаарал хандуулж, Улсын зөвлөгөөн зохион байгуулах, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, хөдөлмөрийн стандартуудыг боловсронгуй болгох талаар холбооны зүгээс саналаа илэрхийллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Нийгмийн түншлэгч чухал тал болох Монголын Ажил Олгогч Эздийн нэгдсэн холбооны санал санаачилгыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрт суурилан асуудлыг шат дараатай шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ.
Дээш