Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Литэй санал солилцлоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Литэй цахим уулзалт хийв.
Ноён Чанхи Ли 2023-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээ болон өнгөрсөн сард Монгол Улсад ирэх үеэрээ түншлэгч байгууллагуудтай хийсэн албаны уулзалтууд, үр дүнгийн талаар сайдад танилцуулсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тус байгууллагатай албан бус салбарт ажиллагсдыг бүртгэлжүүлэх, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, нийгмийн даатгалын багц хуулиуд батлагдсаны дараа дагалдан гарах эрхзүйн баримт бичгүүдийг боловсруулах, тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд шийдвэр гаргагчид, иргэд, олон нийт холбогдох талуудад чиглэсэн сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хийх, хөдөлмөрийн хяналтын өнөөгийн тогтолцоог сайжруулах замаар эрүүл аюулгүй ажлын байрыг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааны олон талт асуудлыг шийдвэрлэх 3 талт зөвшилцлийн механизмыг эрчимжүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн.
Дээрх асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа байр сууриа танилцуулж, талууд хамтын ажиллагаанд хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв.
Дээш