“Эрүүл, аюулгүй залуу үеийн төлөө” уриатай ХАБЭА-н аян эхэллээ
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2018” эхэлж байна. Аяны нээлтийг нийслэл болон аймаг орон нутагт зэрэг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд болсон нээлтийн ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат болон ХАБЭА-н Үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг төрийн болон ТББ-ууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
ХАБЭА-н аяныг манай улс долоо дахь жилдээ зохион байгуулж буй юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд гаргасан бөгөөд жил бүрийг тодорхой уриа дэвшүүлэн тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Эрүүл аюулгүй залуу үеийн төлөө” гэсэн уриатайгаар “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-ийг хамтатган залуу ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгах чиглэлээр олон арга хэмжээ төлөвлөн ажиллаж байгаа юм.
Энэ тухай дэд сайд С.Мөнгөнчимэг “Дэлхийн ажиллах хүчний 15 хувь нь 15-24 насны залуучууд байгаа нь 25-аас дээш насны ажиллах хүчинтэй харьцуулахад үйлдвэрлэлийн осолд өртөх эрсдэл нь 40 хувиар илүү. Иймд залуу ажилтнуудын ХАБЭА-н асуудалд онцгой анхаарч, ажлын байрны аюул эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, стандарт, шаардлага хангасан, эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах эрхээ эдэлж, өөрийгөө болон бусдыг аюул, ослоос урьдчилан сэргийлэх соёл, хандлагыг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах нь чухал байна” хэмээн нээлтийн үгэндээ онцолсон бөгөөд манай улс 2012 оноос эхлэн “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан “ХАБЭА-н сарын аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлж, жил бүрийн дөрөвдүгээр сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, идэвхжүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага, чадварыг иргэддээ олгох зорилт тавьж ажилладаг талаар ярьсан.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар тодорхой зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Засгийн газрын 2017 оны 243 тоот тогтоолоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний тав дахь хөтөлбөр”-ийг батлуулаад байгаа юм. Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан нөхцөлд дүгнэлт хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ХАБЭА-н талаарх ажиллагсдын ойлголт, мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, ажил олгогч, ажилтнуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлмөрийн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох чиглэлээр төрийн болон ТББ, ажилтан, ажил олгогчийн төлөөллийн байгууллагууд дор бүрнээ идэвх санаачлагатай ажиллаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх нь зүйтэй байгааг ч дэд сайд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 2016 онтой харьцуулахад үйлдвэрлэлийн ослын улмаас нас баралт 1,1 хувиар, хөдөлмөрийн чадвар түр алдалтын тоо 1,2 хувиар буурсан боловч, тахир дутуу болсон иргэдийн тоо 0,9 хувиар өссөн дүнтэй байна.
Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хамгийн их буюу 62 осол бүртгэгдсэн ба уул уурхай, цахилгаан хий уур агааржуулалт, барилга, бөөний болон жижиглэн худалдаа, зочид буудал, мэдээлэл холбоо, төрийн удирдлага, боловсрол, хөдөө аж ахуй, хүний эрүүл мэнд ба нийгэм халамжийн үйл ажиллагааны салбарт өмнөх онтой харьцуулахад үйлдвэрлэлийн осол буурсан. Энэ нь уул уурхай, барилга, эрчим хүч, зам тээврийн салбараас гадна хөнгөн үйлдвэрийн салбарт ч ХАБЭА-н хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, ажилтан хүн аюул осолгүй ажиллах талаар байнга анхаарах зайлшгүй шаардлагатайг сануулж буй хэрэг хэмээн албаны хүмүүс анхааруулж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ХАБЭА-н чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөлөсөн бөгөөд Нийгмийн даатгалын багц хуулийг 2018 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа. Мөн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг боловсронгуй болгох, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн жагсаалтыг шинэчлэх, ХАБЭА-н үндэсний тав дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудыг хийх юм.
Сарын аяны нээлтийг аймгууд өөр өөрийн онцлогтойгоор хийсэн байна. Тухайлбал, Орхон аймаг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран, Ховд аймагт барилгын салбарт ажиллагчдын зөвлөлгөөн хийж, Өмнөговь, Завхан аймагт аж ахуйн нэгж байгууллагуудын захирал, эрхлэгч, эзэд, ХАБЭА-н ажилтнууд оролцсон нэгдсэн сургалтыг зохион байгуулсан бол Сэлэнгэ аймагт томоохон аж ахуйн нэгжүүд ХАБЭА-н сарын аяны нээлтийг өөр өөрийн байгууллага дээрээ нэгэн зэрэг зохион байгуулж нэг үгээр хаа хаагүй ХАБЭА-н асуудлаар “амьсгалж” байна.