Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдаанаар "Оюутан-цэрэг" сургалтын хөтөлбөрт хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээг тусган хамтран ажиллах шийдвэр гаргалаа
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР “ОЮУТАН-ЦЭРЭГ” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТУСГАН ХАМТРАН АЖИЛЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Хуралдаанаар “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 111 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд “Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын хөтөлбөр, агуулгад залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох арга хэмжээг тусган холбогдох зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх зөвлөмжийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Засгийн газрын дээр дурдсан тогтоолд “Оюутан-цэрэг” сургалтын хөтөлбөрт хамрагдах оюутан, суралцагчийн тоог 1500 болгож нэмэгдүүлсэн ба энэхүү сургалтын үйл ажиллагааг хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээтэй уялдуулан хэрэгжүүлснээр их, дээд сургууль болон мэргэжлийн сургалтын байгууллага төгсөгчдийн ажил эрхлэлт нэмэгдэх, тэдний ажил, хөдөлмөрийн талаарх ойлголт, хандлага, ажил, үүргийн хариуцлага, зөөлөн ур чадвар (soft skill) нэмэгдэх өндөр ач холбогдолтой юм.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн түншлэлийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны чиглэлийг танилцууллаа.
Дээш