Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын төслийг хэлэлцлээ

Мэргэжлээс шалтгаалах өвчний “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурлыг зохино байгууллаа. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.” гэж тус тус заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор баталсан  “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” A758/A/197 дугаар хамтарсан тушаалаар баталсан өвчний жагсаалтыг баримтлан хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох ажлыг зохион байгуулж байна.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д энэ хуулийн 37.2.2-т “хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох аргачлалыг эрүүл мэнд, хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасныг үндэслэн “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн өргөтгөсөн ээлжит хурал, хэлэлцүүлэг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд болж Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын танилцуулгыг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар комиссын эмч нар, Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн салбар комиссын гишүүд, магадлагч эмч нар, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.


Дээш