НҮБ-ын Хүн ам ба хөгжлийн асуудлаарх 56 дугаар чуулганд Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд оролцож байна
Чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд оролцож, Монгол Улсын Засгийн газрын бодлого, Каирын Хүн ам, хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсныг дурдаад нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих уриан дор ядуурлыг бууруулах бодлого баримталж байгааг танилцуулав.
Өсөн нэмэгдэж буй хүн амыг чанартай боловсролд хамруулж, сургууль төгссөний дараа зохистой хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хангалттай хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.