Цахим сургалт, мэдээллийн ”Unitel Hub” цэгийг орон нутагт Залуучуудын хөгжлийн төвүүдэд байгуулна
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Unitel hub” цахим сургалт, мэдээллийн цэгийг аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн дэргэд байгуулахад ХНХЯ болон “Юнител” групп хамтран ажиллаж, 2022 онд Дархан-Уул аймагт туршилтаар байгуулсан.
Залуучууд “Unitel hub” цахим сургалт, мэдээллийн цэгээр үйлчлүүлснээр дараах арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах боломжтой. Үүнд:
- цахим орчноос шаардлагатай мэдээллээ авах,
- ном унших, сонсох, Мplus аппликэйшн ашиглах,
- Look TV болон бүх төрлийн цахим хичээлүүд үзэх,
- англи хэл, мэдээлэл зүй, монгол бичиг, код бичих сургалтад хамрагдах,
- “Кино цаг”, “Амжилт” өглөөний ярилцлагад оролцох зэрэг болно.
Төвийн техник хэрэгсэл, тохижилтын зардлыг “Юнител” Групп, танхим, хүний нөөц, өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалт, тохижилт, засвар үйлчилгээг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хариуцна. Төвийн сургалт, арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж ур чадвараа тогтмол дээшлүүлсэн залуучууд мэдээлэл, харилцааны чиглэлээр ажиллахад дэмжих, ажлын байранд сургах, дадлагажуулахад “Юнител” Групп хамтран ажиллах юм.
Төвийг 2023 онд Архангай, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 10 аймагт, 2024 онд бусад бүх аймагт, цаашид алслагдсан дүүргүүдэд байгуулна.Төв байгуулах арга хэмжээний цар хүрээг тэлэх, талуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс ХНХЯ, “Юнител групп” Харилцан ойлголцлын Санамж бичгийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгууллаа.
Ёслолд ХНХЯ-ыг төлөөлж Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа тэргүүтэй албаныхан, “Юнител” группийг төлөөлж Маркетингийн газрын захирал А.Энхчимэг тэргүүтэй төлөөлөгчид, тус ажлыг дэмжиж, талуудтай хамтран ажиллаж ирсэн НҮБХАС-г төлөөлж Өсвөр үе, залуучуудын хөтөлбөрийн шинжээч Х.Баттуяа болон Э.Өнөрөө нарын ажилтнууд оролцлоо.
“Unitel Hub” цахим сургалт, мэдээллийн цэгийг аймаг, алслагдсан дүүргүүдэд байгуулснаар орон нутгийн хүүхэд, өсвөр үе, залуучууд цахим технологийн сургалт, зөвлөгөө, үйлчилгээнд хамрагдах боломж нэмэгдэж, мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх, хөгжлөөс үл орхигдох ач холбогдолтой.
Дээш