Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг даатгуулагч (иргэн)-д тогтоосон байдалд хяналт, шалгалт хийсэн тухай

Монгол Улсын нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн дундаж  2021 оны жилийн эцсийн байдлаар 3.2 хувь байна. 

Харин Дорнод аймгийн хувьд 2022 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн хувь аймгийн хэмжээнд 4.6 байгаа нь улсын хэмжээнд дээгүүрт орох тааламжгүй үзүүлэлт юм. 

Иймд Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаа, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоож байгаа үйл ажиллагаанд  хяналт, шалгалт хийх ажлыг 2023 оны 03 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгууллаа.  

Дорнод аймгийн нийт 14 сумаас хөдөлмөрийн чадвар алдалт хамгийн өндөр Хөлөнбуйр (5.3%), Булган (4.7%), Баянтүмэн (4.5%), Сэргэлэн (4.5%) сум болон аймгийн төвд ажлын хэсэг тус тус ажиллав. 

Улмаар тус аймгийн Засаг даргын орлогч, сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нартай уулзалт хийж дараах чиглэлээр ажил зохион байгуулах чиглэл өглөө. Үүнд: 

  1. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын талаарх нэгдсэн мэдээллийг аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэх, цаашид анхаарч арга хэмжээ авч ажиллах талаар;
  2. Аймгийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сумдын Засаг дарга нар, сумдын эмнэлэгт холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөх, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон иргэдийг эмчлэн эрүүлжүүлэх, хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоог бууруулах талаар зэрэг тус тус болно.
Дээш