“ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН IV ХУВЬСГАЛ” ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан баялаг бүтээгч салбарыг залуучууд, нийгэмд сурталчлан таниулах, их дээд сургууль, МСҮТ төгсөгчдийг ажлын байранд зуучлах, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, салбарын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСАЛ” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр МҮЭСТО-нд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ноосон бүтээгдэхүүн эрхлэгчдийн холбоо, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.
Үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд С.Ганхүлэг, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар нээж, хөдөлмөрийн зах зээл дэх аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал болон төрөөс энэ салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.
Арга хэмжээний хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарыг залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах, залууст ээлтэй эерэг байгууллагын соёл, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ажилд зуучлах, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн сургалтын байгууллагууд болон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд зуучлах, салбарын ололт амжилтыг олон нийтэд сурталчлах зэрэг зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагааг хэрэгжүүлснээрээ онцлог болов.
Өдөрлөгт нийт 40 гаруй ажил олгогч байгууллага болон 10 их, дээд сургууль, МСҮТ, тэдгээрт суралцаж буй 500 гаруй залуучууд, 500 гаруй ажил хайгч иргэн оролцлоо.
Энэхүү арга хэмжээнд нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газар, хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төвийн албан хаагчид үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, их дээд сургууль, МСҮТ болон Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, ажил идэвхтэй хайж буй залуучуудыг ажлын байранд зуучлах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын цахим системүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөөг хүргэж ажиллаа.