АБИЛИМПТ АМЖИЛТ ГАРГАСАН ОРОЛЦОГЧДОД БАЯР ХҮРГЭЛЭЭ

Абилимп-2023 дэлхийн ур чадварын 10 дахь удаагийн уралдаан Франц улсын Мэтц хотод гуравдугаар сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уралдаанд нийт 27 улсын 650 гаруй оролцогчид 45 мэргэжлийн төрлөөр оролцсон.

Тус тэмцээнд Монгол Улс 2 дахь удаа оролцсон бөгөөд энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй 13 оролцогч мужаан, тогооч, талх нарийн боов, массаж, уран хатгамал, үсчин, оёдолчин, маникюр, постер дизайн, сийлбэр зэрэг мэргэжлүүдээр оролцож, Ховд аймгийн оролцогч Х.Сэлэнгэ уран хатгамлын төрөлд Гуравдугаар байр эзлэн Хүрэл медаль хүртлээ. Мөн Талх нарийн боовны төрөлд Б.Болормаа, цэцэрлэгжүүлэлтийн төрөлд Т.Мөнхбат, модон эдлэлийн мужааны төрөлд О.Хувьтөгөлдөр, массажны төрөлд Л.Зоригтбаатар, маникюрын төрөлд Б.Сэргэлэн нар тус тус өрсөлдөж, тусгай шагнал буюу 4 дүгээр байранд, Монгол Улс багийн дүнгээр 27 орноос 11 дүгээр байранд шалгарсан амжилт үзүүллээ.

Амжилттай оролцсон баг тамирчдыг ХНХЯ-ны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн, Монголын Абилимпийн холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нар хүлээн авч баяр хүргэв. Мэргэжлийн ур чадварын уралдааны үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж Монгол Улсаа сурталчилсан төдийгүй уралдааны Олон Улсын шүүгчээр Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн багш Т.Одонтөгс, Б.Гончигжав, О.Загдцэнд, Л.Отгон нар анх удаа сонгогдон ажиллажээ.

Дээш