ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ДАДЛАГАЖУУЛАГЧИЙГ БЭЛТГЭЖ БАЙНА

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог  бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулагчийн тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллагуудын сүлжээг бий болгохоор ажиллаж байна.

Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, ажлын байранд дадлагажуулах, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд  дэмжлэг үзүүлэх болон ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, тохирсон ажлын байрыг олж үнэлгээ хийх, ажлын байрны саадгүй, ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй юм.

ХНХЯ-аас “Ажлын байрны дадлагажуулагч”-ийн тогтолцоог нэвтрүүлж, бэхжүүлэх зорилгоор уг ажил мэргэжлийг Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтод 2021 онд оруулж, “Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны удирдамж”-ийг 2022 онд батлан “Загвар төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Мөн төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааг танилцуулах цуврал сургалтыг тасралтгүй зохион байгуулж, ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх эрх бүхий 8 үндэсний сургагч багшийг бэлтгэсэн.

Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхдугаар сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний багш нар сургалтыг удирдан явуулж байна.

Төслийн хүрээнд нийт 160 гаруй ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэх бөгөөд энэ удаагийн сургалтаар 36 дадлагажуулагчийг сургаж, сертификат гардуулах юм. 

Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, төслийн ахлах зөвлөх Чиба Хисао нар нээж, үг хэллээ.

Сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Дээш