"Орон гэргүй иргэдийн асуудал-2023" Олон Улсын чуулганд илтгэл тавилаа
Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотноо 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байгаа “Орон гэргүй иргэдийн асуудал-2023” Олон улсын чуулганд Хөдөлмөр нийгмийн, хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд нар оролцож байна.
Дэлхийн гэр оронгүйчүүдийн хүрээлэн (ДГОХ) нь 2017 онд Олон улсын стратегийн гол түншүүдтэй хамтран гэр оронгүй тэнэмэл иргэдийн асуудлыг эцэслэх зорилгоор “Гэр орон минь гэж дуудах газар" хөтөлбөрийг санаачилсан юм.
Тус хүрээлэн Вангард сити хөтөлбөртэй хамтран гэр оронгүй тэнэмэл өрх, иргэдийн тоон үзүүлэлтүүд, статистикт үндэслэн тооллого хийх, гэр оронгүй тэнэмэл иргэдэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажилладаг.
Дэлхийн 6 тивийн 30 улсын 700 гаруй төлөөлөгч оролцсон чуулганд Монгол Улсыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал “Монгол улс дахь гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх,иргэний нөхцөл байдлын” талаар илтгэл тавилаа.
Дээрх чуулганд оролцож буй Вангард хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа улс орнуудаас ирсэн төлөөлөгч нартай уулзаж “Гэр оронгүй тэнэмэл иргэдийн талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хөтөлбөр, бодлого боловсруулж тэнэмэл иргэдтэйгээ хэрхэн ажиллаж буй талаар санал солилцож, туршлага хуваалцаж байна.
Дээш