"ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН" дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх асуудлыг онцоллоо
Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 2019 оноос хойш нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой зохион байгуулагдаж ирсэн “ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН” өнөөдөр “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх асуудалд” сэдвээр зохион байгуулагдлаа.
Хөдөлмөрийн зах зээл дээр үүссэн хүний нөөцийн хомсдолыг шийдэхийн тулд их дээд сургуульд суралцаж буй оюутан залуучууд суралцаж байх хугацаандаа практикт тулгуурласан чанартай боловсрол эзэмших, ажлын байран дээр дадлагажих, суралцаж байх хугацаандаа ажиллах боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, оюутан дадлага хийх хугацаандаа цалин хөлс авах, кредит цаг тооцуулах зэрэг асуудлыг эрэлхийлснээрээ энэ жилийн “Эерэг Монгол Чуулган” онцлог боллоо.
Чуулганы хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын засгийн газарт өргөн барьж, хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөө гарган ажиллах юм.