Салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжийн удирдлагуудад чиглэл өглөө
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх харьяа байгууллагуудын удирдлагуудад чиглэл өгөх арга хэмжээг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай“ 469 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх 162 улсын байцаагч манай яаманд шилжин ирсэн.
Үүнээс хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуйн, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч, эрсдэлийн удирдлага, төлөвлөлт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны бүртгэл хариуцсан 18 улсын байцаагч яаманд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, харьяа аймаг, нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагад хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын 82, нийгмийн хамгааллын хяналтын 42 улсын байцаагч томилогдон ажиллаж байна.
Уулзалтаар Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон холбогдох хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд салбар дундын төрийн захиргааны хяналтыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэлсэн үгэндээ төрийн хяналтын чиг үүрэг салбарын яамдад ирснээр “бодлого тодорхойлох-хэрэгжүүлэх-хяналт тавих” цогц үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэнийг онцолж, бид салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд онцгой анхаарч, гарч байгаа хийдэл, зөрчил, ойлгомжгүй байдал бүрд дүгнэлт хийж ажиллахын зэрэгцээ бусад салбарт манай салбарын хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих үүрэг хариуцлагыг ухамсарлаж, төрийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хуулийн хүрээнд хараат бус, нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж, ажилтан хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудлыг онцгой анхаарч, мэдрэмжтэй, хүнлэг, шударга ажиллахыг чиглэл болголоо.
Арга хэмжээнд ХХҮЕГ, НДЕГ болон тэдгээрийн харьяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсийн удирдах албан тушаалтнууд болон 70 гаруй албан хаагч оролцлоо.
Дээш