НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы Сайд нарын дугуй ширээний уулзалтыг даргалав
Монгол Улс Нью-Йорк хотноо 2023 оны 3 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 67 дугаар чуулганы Дэд даргын хувиар энэ өдрийн Сайд нарын Дугуй ширээний уулзалтыг даргалав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Цахим орчин дахь жендэрийн ялгааг арилгахад гардаг саад бэрхшээлийг даван туулж буй сайн туршлага, жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө цахим эрин дэх боловсролыг хөгжүүлэх нь” сэдэвт Сайд нарын Дугуй ширээний уулзалтыг даргалав.
Тэрбээр хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас цахим орчин дахь жендэрийн ялгааг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, манай улсын цахим засаглалын үйл ажиллагааг олон улсын түвшинд өндрөөр үнэлснийг онцлов.
Дугуй ширээний уулзалтад АНЭУ, Бангладеш, Ботсвана, Гүрж, Мексик, Нидерланд, Унгар, БНХАУ, Филиппин, Чех, Эквадор, Япон зэрэг нийт 23 улсын төлөөлөгч үг хэлэв.
Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Дэлхийн банк болон Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы товчоо буюу Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Аргентин, Латви, Монгол Улс болон ХБНГУ-ын хамтран зохион байгуулсан сайд нарын уулзалтад оролцов. Тус өндөр дээд хэмжээний уулзалтад 30 улсын эмэгтэйчүүд, жендерийн асуудал хариуцсан сайд нар уригдан оролцсон ба Дэлхийн банк групын 2023-2030 Жендерийн стратегийг шинэчлэн боловсруулахад Дэлхийн банк болон НҮБ-ын гишүүн орнуудын хооронд яриа хэлэлцээг дэмжих зорилготой уулзалт болов.
Уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн үр дүнтэй хэрэгжилтийг хангахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар дотоодын туршлагаа хуваалцаж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав.
ЭАБК-ын 67 дугаар чуулган үргэлжилж байна.
Дээш