С.Чинзориг: Ахмадуудад зориулсан чанартай үйлчилгээг төрөөс дэмжинэ

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2018-03-22/ эхэлсэн Монголын ахмадын холбооны удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцлоо.  Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөлгөөнийг Монголын ахмадын холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аймаг, нийслэл, дүүрэг, аж ахуй нэгжүүдийн ахмадын байгууллагын 600 гаруй идэвхтэн сонгуультныг  төлөөлж 100 гаруй хүн оролцож байгаа юм.

         С.Чинзориг сайд зөвлөлгөөнд оролцогчдод Засгийн газраас ахмад настны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын бодлого зорилтын талаарх мэдээллийг хүргэлээ. Тэрбээр Үндэсний статистикийн хорооны урьдчилсан дүнгээр 2017 онд  манай улсын хүн ам 3.1 саяд хүрч, үүнээс ахмад настан 273,4 мянга буюу  нийт хүн амын 8.7 хувийг эзэлж,  Монгол Улсад “хүн ам зүйн цонх” оргил үеэс буурч,  хүн амын насжих үйл явц эхэлж байгаа тул ахмад настны чадамж, хүсэл сонирхолд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэтгэврийн бус орлогыг нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, оролцоог хангах замаар эрүүл насжилтад бэлтгэх хэрэгцээ шаардлага бий болж байгааг онцлоод Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, Засгийн газраас ахмадуудад чиглэсэн бодлого үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд ахмадуудын туршлага мэдлэгт тулгуурлан аливаа асуудалд ул суурьтай хандах нь зөв гэж үздэгээ С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ онцлон дурдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны талаар туссан зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ахмад настны эрх, хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулсан Ахмад настны тухай хуулийг УИХ-аар батлуулж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг хуулиар “Насны хишиг”-ийг ахмад настанд жилд хоёр удаа олгохоор хуульчилсны дагуу олгож байгаа. 2018 онд 129 мянган ахмад настанд 50-250 мянган төгрөгний “Насны хишиг”-ийг цагаан сарын өмнө дансанд нь бүрэн шилжүүлсэн. Мөн сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой ахмад настны тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор "Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийг жил бүр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл баталж, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан хэрэгжүүлэхээр хуульчилсны дагуу “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 2018 оны нэгдүгээр сард шинэчлэн баталснаа сайд дуулгалаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2018 онд ахмад настны зөвлөх үйлчилгээнд 1,4 тэрбум төгрөг төсөвлөж, 1212 ахмад настныг хамруулахаар төлөвлөж байгаа аж. Тэтгэвэр авагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын тэтгэврийг 27.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280.0 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 243.0  мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон төдийгүй Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг 155 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 70.000 төгрөг болгон нэмэгдүүлснээр нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр авагчдын сарын дундаж орлого 9,3-11 хувиар өссөн байна.

С.Чинзориг сайд “Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж ахмадуудын зээлийн хүүгийн дарамтыг 2,0 тэрбум төгрөгөөр багасгалаа. 2016 онд 18 хувьтай байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг  2018 оны 2 дугаар сараас эхлэн жилийн 12 хувь болгон бууруулж, Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна. Тэтгэврийн зээлтэй ахмадуудыг сар бүр бодит орлоготой байлгахын тулд тэтгэврийн 30 хувийг заавал ахмадуудын гар дээр очиж байх зохицуулалтыг хийж тэтгэврийн зээлийн нөхцөлийг өөрчиллөө. Тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлсэн тухай асуудал нь ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийх ажлын хэсгийг Гурван талт үндэсний хорооноос байгуулж ажиллалаа. Ажлын хэсгийн ажилласан судалгааны үр дүнд иргэн өөрөө хүсвэл 60 болон 55 насандаа тэтгэвэрт гарах, тэтгэврийн насыг гурван сараар нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүллээ” хэмээгээд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл болон нийгмийн халамжийн тэтгэвэр авах насны болзлыг нэмэгдүүлэхгүй байхаар зохицуулсныг ч танилцууллаа.

Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоолын дагуу Монголын ахмадын холбоотой санамж бичиг байгуулж, 2016, 2017, 2018 онуудад “Төрийн зарим чиг үүргийг төлөөлүүлэн гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулан ажиллаж байна. Гэрээний дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын талаар туссан зорилтууд, төрөөс ахмад настан, насжилтын асуудлаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, ахмад настны талаарх мэдээллийн сан бүрдүүлэх, тэдний хөгжил оролцоог нэмэгдүүлэх, ахмадыг эрүүл насжилтад бэлтгэх, ахмадын өргөө кабинетийн тоог нэмэгдүүлэх зэрэг ажил үйлчилгээг  үндэсний хэмжээнд гүйцэтгүүлэхээр Монголын ахмадын холбоонд жил бүр тодорхой хэмжээний санхүүжилтийг олгон ажиллаж байгаагаа ч дуулгасан.

Тэрбээр “Манай улсад ойрын 20 жилд насжилт эрчимтэй явагдаж ахмад настны эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний ачаалал, зардал нэмэгдэх учраас тэдэнд зориулсан үйлчилгээний байгууламжуудыг одооноос сайжруулж, олон нийт болоод өрхөд тулгуурласан ахмад настны тусламж үйлчилгээний шинэ хэлбэрүүдийг бий болгох зорилгоор ахмад настнуудад зориулсан шинэ төрлийн үйлчилгээний төрлүүдийг Ахмад настны тухай хуулиар нэмэгдүүлсэн бөгөөд энэ хүрээнд сум, хороо, баг, тосгонд "Ахмадын өргөө" байгуулах, ахмад настны хэрэгцээнд үндэслэн лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх, явуулын үйлчилгээ болон өдрийн үйлчилгээ, өдрөөр эмчлэх, асрах сувилах үйлчилгээ, хүнсний дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, сайн дурын үйлчилгээ зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгож, эдгээр үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллага гэрээгээр үзүүлэхэд төрөөс дэмжиж ажиллах болно” гээд хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХНХЯ-наас “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг 2018 онд батлуулахаар ажиллаж байгаа зэрэг олон мэдээллийг ахмадуудад өглөө.

Зөвлөлгөөнд оролцогчид С.Чинзориг сайдын хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор санал бодлоо илэрхийлж ярилцсан бөгөөд тэд салбарын яамнаас санаачлан хийж буй ажлуудад талархалтай хандаж байгааг онцлоод “Ахмадын өргөө”-тэй болох нь тэтгэвэрт гарсан ахмад настнуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн харилцаанд оролцох, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон зүйлд тус болохын хамт урт удаан амьдрах итгэл найдвар олгоход нь томоохон хүч болно гэцгээж байсан.

Монголын ахмадын байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөнд ахмадуудтай холбоотой хууль эрх зүйн асуудлаар холбогдох ХНХЯ, харьяа газрынхан дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчидтой санал солилцсон юм. Зөвлөлгөөнөөр Ахмадын холбооноос орон нутгийн салбар зөвлөлүүдийнхээ 2017 оны ажлын үр дүнг хэлэлцэж 2018 оны үндсэн чиг үүргийг танилцуулан, үр дүнгийн гэрээ байгуулахаар төлөвлөжээ.

 

 

Дээш