НҮБ-ын нийгмийн хөгжлийн комиссын 61 дүгээр чуулганд байр сууриа илэрхийлэв
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нийгмийн хөгжлийн комиссын 61 дүгээр чуулган Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 15-ны өдрүүдэд “Ковид-19 цар тахлыг даван туулах явцыг хурдасгах болон тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд тулгарч буй тэгш бус байдлыг арилгах арга зам болох зохистой хөдөлмөр, бүтээмж өндөртэй хөдөлмөр эрхлэлтийг буй болгох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр цар тахлын үед болон түүний дараах сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөж буй арга хэмжээ, бодлогын шинэчлэлийн талаар танилцууллаа.
Дээрх хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээллийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд чуулганд танилцуулсан.
Тухайлбал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, нийгмийн халамжийн үйлчилгээг оновчтой болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амын хөгжлийг хангах зэрэг зорилт тавин хууль эрх зүйн орчноо сайжруулж байгаа тухай танилцуулав. Түүнчлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хэрэгжүүлж буй “Зохистой хөдөлмөрийн хөтөлбөр”-ийн хүрээнд хөдөлмөрлөх эрх, эрүүл мэнд, зохистой ажлын байр, нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаа нь нийгмийн тэгш бус байдлыг арилгах, хүн бүрт хүртээмжтэй хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтойг онцлов.
Дээш