Дэлхийн банкны төлөөлөгчидтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон яамны холбогдох удирдлага, албан тушаалтнууд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, нийгмийн хөгжил хамгааллын асуудалд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд өмнө нь илэрхийлсэн. Энэ дагуу Дэлхийн банк бичил зээл, техник туслалцаа зэрэг олон хувилбараар дээрх тэргүүлэх чиглэлүүдэд хамтран ажиллах боломжтой талаараа танилцуулав.
Уулзалтад Дэлхийн банкны талаас эдийн засагч, ХЭДТ, ОБҮХЭДТ төслүүдийн удирдагч Янг Хуанг, нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Н.Монголмаа, нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Росс Батлер, нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир болон Вашингтон хотоос зөвлөх Марк Дорфман, Наталья Миллан нар оролцлоо.
Дээш