Гадаад харилцааны яамны албан хаагчдад цахим нийгмийн даатгал сэдвээр мэдээлэл өгөв
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас Гадаад харилцааны яамны албан хаагчдад “Нийгмийн даатгалын цахимжилт” сэдвээр мэдээлэл өглөө.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.6-д “Нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох” зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус яам нийгмийн даатгалын 34 үйлчилгээнээс 24 үйлчилгээ (тухайлбал, цахим нийгмийн даатгалын дэвтэр, цахим тэтгэврийн дэвтэр, цахим эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим тайлан, сайн дурын даатгалын цахим гэрээ гэх мэт)-г цахимжуулж, 12 үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)-д холбосон.
Энэ талаар ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, ахлах мэргэжилтэн Ө.Бодьгэрэл нар мэдээлэл хийж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд ГХЯ-ны албан хаагчдад “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн баталгаажуулахад нь дэмжлэг үзүүлэв.
Дээш