ХНХЯ болон НҮБ-ын Хүн амын сан 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх "Улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөр"-т гарын үсэг зурлаа
НҮБ-ын Хүн амын сан "Улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөр 2023-2027"–ийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. НҮБ-ын Хүн амын сангийн Улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөр нь өмнөх хөтөлбөрийн амжилт дээр суурилан, Монгол Улсын Засгийн Газрын Алсын Хараа 2050, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичиг, ОУ-ын Хүн Ам ба Хөгжлийн Бага Хурлын (ОУХХБХ) Мөрийн хөтөлбөр, 25 дахь удаагийн ОУХХБХ-д илтгэсэн Засгийн Газрын үүрэг амлалт, НҮБ-ын Хүн амын сангийн стратегийн төлөвлөлттэй нягт уялдан боловсруулагдсан болно.
Хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сан Засгийн газрын 10 байгууллагатай хүч, чармайлтаа нэгтгэн дараах 3 зорилтод хүрч ажиллах юм. Үүнд:
(a) Сэргийлж болох эхийн эндэгдлийг тэглэх;
(b) Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг тэглэх;
(c) Хорт зуршил болон жендерт суурилсан хүчирхийллийг, тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл, эрт болон албадан гэрлэлтийг тэглэх
ХНХЯ болон НҮБ-ын Хүн амын сан 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх "Улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөр"-т Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр гарын үсэг зурлаа.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлсэн үгэндээ тэрээр “хэнийг ч үлдээхгүй байх” зарчимд суурилан, хэрэгжүүлэгч байгууллагуудтайгаа хамтран боловсруулсан НҮБ-ын Хүн амын сангийн 7 дахь хөтөлбөрийг дэмжин ажиллахаа онцлон тэмдэглэв.
Мөн НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифи Улс орныг дэмжих 6 дахь хөтөлбөрийн ололт амжилтаас хуваалцахын зэрэгцээ ирэх 5 жилд хэрэгжих шинэ хөтөлбөрийн хүрээнд Монгол эмэгтэйчүүд, залуучуудын амьдралын чанарыг сайжруулах, ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх, залуучуудыг эрх мэдэлжүүлэх, жендерийн тэгш байдлыг хангахад хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
НҮБ-ын Хүн амын сангийн 7 дахь хөтөлбөр нь 2023 оны 1 сарын 1-ээс 5 жилийн хугацаанд хэрэгжиж эхэлнэ.