Яамны мэдээллийн цагаар нийгмийн даатгалын цахимжилтын талаар мэдээлэл хийлээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллийн цагаар албан хаагч нарт Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал “Нийгмийн даатгалын цахимжилт” сэдэвт мэдээлэл танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.6-д “Нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох” зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус яам нийгмийн даатгалын 34 үйлчилгээнээс 24 үйлчилгээ (тухайлбал, цахим нийгмийн даатгалын дэвтэр, цахим тэтгэврийн дэвтэр, цахим эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим тайлан, сайн дурын даатгалын цахим гэрээ гэх мэт)-г цахимжуулж, 12 үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)-д холбох ажлыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран зохион байгууллаа.
Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг даатгуулагчид зориулсан веб, шимтгэлийн цахим систем, “Нийгмийн даатгал” аппликейшн болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)-ээр дамжуулан дараах үйлчилгээг авах боломжтой.
Үүнд:
• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ цахимаар харах, хяналт тавих, хэвлэн авах
• Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолт авах
• Сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах
• Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
• Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжолгохыг хүссэн өргөдөл гаргах
• Ажилгүйдлийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах
• Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан илгээх
• Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан жилээр тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээх, шийдвэрлүүлэх гэх мэт.
Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний талаарх мэдээллийг дараах холбоосоор аваарай.
- Нийгмийн даатгал апп
-e-mongolia апп
-Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машин