Хамтарсан багийн чадавхыг бэхжүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав
Хууль зүй, дотоод хэргийн яам Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр
бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 2022 оны 12 дугаар сарын
05-наас 09-ны өдрүүдэд “ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ
СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” сургалтыг зохион байгуулав.
Энэхүү сургалт нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан
сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу үйлчилгээ үзүүлж
буй Хамтарсан багт ажилладаг байгууллагын мэргэжилтэн, албан хаагчдын чадавхыг
бэхжүүлэх үндэсний сургагч сургагч багш бэлтгэх зорилготой бөгөөд нийт 5 өдрийн
40 цагийн сургалтад нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, засаг захиргаа, эрүүл
мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 40 хүн хамрагдав.
Бэлтгэгдсэн сургагч багш нар цаашид үндэсний хэмжээнд зохион байгуулах
хамтарсан багийн сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллана.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах
газрын дарга Н.Баярмаа болон албаны бусад хүмүүс сургалтад оролцогч нарт
Үндэсний сургагч багшийн батламж гардуулаад цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай
хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс
нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар “G9198/9221-МОН: Хүүхэд,
эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд энэхүү
арга хэмжээг зохион байгуулж буй юм.