Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ази, Номхон далайн бүсийн ээлжит 17 дугаар чуулган зохион байгуулагдаж байна

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 17 дугаар ээлжит чуулган 2022 оны 12 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Сингапур Улсад зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн чуулганы хуралдаанаар “Цар тахлын дараах хүн төвтэй тогтвортой нөхөн сэргэлт”, “Албан эдийн засаг руу шилжих явц, зохистой хөдөлмөр”, “Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын суурийг бэхжүүлэх, дасан зохицох”, ”Бүтээмжийн өсөлт ба ур чадварыг хөгжүүлэх” зэрэг асуудлыг Ази, Номхон далайн бүсийн 26 улс, олон улсын байгууллагын төлөөлөл хэлэлцэж байна. 

Энэхүү чуулганд Монгол Улсын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг нийгмийн түншлэлийн төлөөлөл оролцож байна.  

uploaded picture

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ. Тухайлбал, “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”, “Нийгмийн даатгалын багц хуулиуд” мөн хүн амын бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд албан бус эдийн засагт ажиллагчдыг бүртгэлжүүлэх, нийгмийн даатгалд хамруулах, албажуулахтай холбоотой зорилт, арга хэмжээг тусган ажиллаж байгааг дурдлаа. Мөн албан бус хөдөлмөрийг албажуулахад Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг оролцогч улсууд болон олон улсын байгууллагад мэдээллээ.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ) нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөдөлмөрийн асуудлаарх төрөлжсөн байгууллага бөгөөд эрх барих дээд байгууллага нь 4 жил тутамд бүсийн чуулганаа хуралдуулдаг юм. ОУХБ-ын бусад олон улсын болон Засгийн газар хоорондын байгууллагуудаас ялгагдах онцлог нь гурван талт бүтэцтэй, удирдлагад нь ажил олгогчдын болон хөдөлмөрчдийн байгууллагын төлөөлөгчид Засгийн газрын төлөөлөгчид оролцдог юм. Энэ удаагийн ээлжит  чуулганаас нэгдсэн зөвлөмж гарах юм.


uploaded pictureuploaded picture

Дээш