"Нийгмийн даатгалын байгууллагын 80 жил-хөгжил, шинэчлэлийн алсын хараа" зөвлөгөөн зохион байгуулав
“Нийгмийн даатгалын байгууллагын 80 жил-хөгжил, шинэчлэлийн алсын хараа” зөвлөгөөнийг өнөөдөр /2022.11.25/ Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Нийгмийн даатгалын байгууллага үүсэж, хөгжсөний 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөнөөр нийгмийн даатгалын байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагаа, нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйлчилгээний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, үйл ажиллагаагаа нийгмийн даатгалын харилцаанд оролцогч талуудад тайлагнаж шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн юм.
Арга хэмжээг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газар нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын энэ оны намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн томоохон хэсэг нь цаг хугацаа, зориг зүтгэл шаардсан, урт хугацаанд үр дүн харагдах тэтгэврийн шинэчлэл юм. Энэхүү шинэчлэлийн хүрээнд бид тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн авч байсан цалин хөлс, төлсөн шимтгэлийн хэмжээ, хугацаатай уялдаатай, жил бүрийн үнийн өсөлттэй уялдаж нэмэгддэг, тэтгэврийн зөрүү үүсгэдэггүй, хэн нэг нь илүү таатай нөхцөлөөр тэтгэвэр бодуулдаггүй шударга, ил тод тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна” гэлээ.
Зөвлөгөөнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, Засгийн газрын гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад ажилтнууд, албан хаагчдын төлөөлөл, нийгмийн түншлэгч талууд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон даатгуулагч, ажил олгогч, олон улсын байгууллагын төлөөллүүд, эрдэмтэн, судлаач зэрэг 800 гаруй төлөөлөгчид оролцлоо.
“Нийгмийн даатгалын байгууллагын 80 жил-хөгжил, шинэчлэлийн алсын хараа” зөвлөгөөн нь Монгол Улсын Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх, Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт “Амьдралын баталгааг хангах нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхүйц нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлж, 3 үе шаттай хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж байгаа чухал үед зохион байгуулагдаж буйгаараа ач холбогдолтойг оролцогч талууд онцолж байлаа.