Монгол бахархлын өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Эш хөрөг залах ёслолыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нээж хэлсэн үгэндээ “1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын Эзэнт Гүрнийг байгуулан дэлхийн түүхэнд гарамгай цэргийн удирдагч хэмээн дурсагдсан их хааныхаа алдар хүндийг бататган сахиж, бахархан хүндэлж, билиг сургаалыг ёсчлон дагах нь үр хойч бидний ариун үүрэг мөн билээ. Монгол түмний бахархал, нэрийн хуудас болсон их хааны эш хөргийн өлмийд өглөө бүр өргөсөн тангараг аа санаж, сэтгэл оюунаа дайчлан ажиллах болно” гэлээ.
Энэхүү хүндэтгэн залж буй Их хааны эш хөрөг нь түүний ач болох Хубилай хаан буюу өвөөгөө сайн мэдэх хүний захиалгаар 1278 онд монгол зураач Хорихосоны бүтээсэн Эзэн Богд Чингис хааны анхны эш хөрөг юм.
Ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд оролцон эш хөрөгт мэхийн хүндэтгэл үзүүллээ.
Дээш