Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никэйзийг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никэйзийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төсөл, Socieux Plus хөтөлбөрийн хүрээнд богино хугацааны техник туслалцааны дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт зөвлөх үйлчилгээ, мэргэжилтэн урих, солилцох зэрэг ажлын талаар санал солилцсон.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих” зорилтыг хангахад хамтран ажиллах эрмэлзэлтэй буйгаа талууд илэрхийлсэн юм.
Хатагтай Аксель Никэйз, Европын холбооноос 2021-2027 онуудад Монгол Улстай хамтран ажиллах хамтын ажиллагааны хүрээ, төлөвлөгөөг товч танилцууллаа.
Цаашид залуучууд, ялангуяа орон нутгийн залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд онцгой анхаарал хандуулж хамтран ажиллах талаар талууд санал нэгдлээ.
Дээш