Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр тэргүүтэй ажлын албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 зорилт, 42 үйл ажиллагааны чиглэл, 114 хэрэгжүүлэх арга хэмжээнээс бүрдэх 36-р тогтоолыг УИХ-аас баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэхэд 30 орчим төрийн байгууллага, 10 гаруй олон улсын байгууллага, 21 аймгийн нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тэгвэл энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бага орлоготой иргэдийн хүнсний хангамжид онцгой анхаарч, хамтран ажиллахаа илэрхийлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан " Эх орондоо хүнсний хувьсгал хийх маш том бодлого орон даяар хэрэгжиж эхэлсэнд баяртай байна. УИХ-ын 36 дугаар тогтоолыг ядуурлыг бууруулах, халамжаас хөдөлмөрт шилжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ. Ирэх оны төсөвт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 90 тэрбум төгрөг тавигдсан. Үүний тодорхой хэсгийг хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад бодит үр дүн өгөх төсөл хөтөлбөрт зарцуулж, хүнс хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийг сургах, ур чадвар олгох, дадлагажуулах, ажилд зуучлахад анхаарч ажиллана. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдийн хоол хүнснээс авах шим тэжээлийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
Дээш