Сайд "Өнөр бүл хүүхдийн төв"-д ажиллалаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өнөөдөр “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа. Тус төвд амьдарч байгаа хүүхдүүдийн орчин нөхцөл, хоол тэжээл, хувцас хэрэгсэл болон төвийн тулгамдсан асуудал, бодит нөхцөл байдалтай танилцсан юм.
"Өнөр бүл хүүхдийн төв"-д өнөөдрийн байдлаар 170 хүүхэд амьдарч байна. Тэдний 10 нь 1-5 хүртэл насны, 50 нь 6-12 насны, 110 нь 12-17 насных аж.
2022 онд “Өнөр бүл хүүхдийн төв”-д 2. 4 тэрбум төгрөг төсөвлөсөн ч хоёрдугаар сард баталсан төсвийн тодотголоор 113 сая төгрөг танагдсан нь хүүхдийн хоол тэжээл, эдлэл хэрэгслийн зардал танагдах нөхцөл үүсжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны саналаар Засгийн газраас тус төвийн төсвийг 554 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 2023 оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, “Эцэг эхийн хайр халамжаас ангид байгаа хүүхдүүд бусадтай адил хувцас хэрэглэлтэй байж чадаагүйгээс ялгаварлан гадуурхалтад өртөх, эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүснэ. Шаардлагатай шим тэжээлийг хоол хүнснээсээ авч, сэтгэл зүй болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүрэн авах ёстой. Газар дээр нь үзэж танилцахад үйл ажиллагаа хэвийн, сурч хөгжих орчин нөхцөл боломжийн хэмжээнд ханган ажиллаж байгаа ч шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна. Тухайлбал, эмнэлгийн үйлчилгээ бүрэн авдаг ч эмчлүүлэх эм бэлдмэл авах мөнгө, боловсролын үйлчилгээнд хүүхдэд шаардлагатай зарим санхүүжилт зэрэг тулгамдсан асуудлыг төсвийн хуваарилалт, төсвийн зарцуулалт дээр анхаарч, дараа жил гэхэд шийдэгдсэн байхын төлөө ажиллана. Мөн хүүхдийн хоол, хувцас, зөөлөн эдлэлийн хувьсах зардлыг хэрэглээний үнийн индекс, үнийн өсөлттэй уялдуулж шинэчлэнэ" гэлээ.
Дээш