Саадгүй байдал, хүртээмжийн үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа
Саадгүй байдал, хүртээмжийн асуудлыг Улаанбаатар хотын хэмжээнд судалж, хөгжлийн бэрхшээлийн төрлөөр үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан.
Энэхүү үнэлгээг барилга байгууламж, авто зам, замын байгууламж, нийтийн тээвэр болон мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зам, замын байгууламж, нийтийн тээврийн үйлчилгээний саадгүй байдал, хүртээмж, Төрийн ордон, бүх яам, нийслэлийн ЗДТГ, төвийн 6 дүүргийн ЗДТГ (нийт 24 байгууллага)-ын барилга байгууламж болон мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээний саадгүй байдал, хүртээмжид 3 чиглэлээр үнэлгээ хийх дэд ажлын хэсэг Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яаман дээр байгуулагдан ажиллах юм.
Өнгөрсөн 2016 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн хүрээнд нийслэлийн хэмжээнд олон нийтийн зориулалттай 27 барилга байгууламжид, 2018 онд Түгээмэл Хөгжил төв ТББ, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, “Сонгинохайрхан” бие даан амьдрах төв нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 30 гаруй байгууллагын үйлчилгээний хүртээмжинд тус тус төр, төрийн бус байгууллагуудтай хамтран үнэлгээ хийж, санал дүгнэлт гарган ажилласан.
Үүнтэй уялдуулан манай улсад Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд хуулийн төслийг Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаар хэлэлцүүлээд байна.
Хуулийн төслийг бүх хүн, ахмад настан, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан нийгмийн харилцаанд оролцоход нь саад учрахаас урьдчилан сэргийлэх, учирч буй саадыг арилгах болон тэдэнд барилга байгууламж, авто зам, нийтийн тээвэр, мэдээлэл харилцааны хүртээмжтэй орчин, үйлчилгээг бүрдүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар боловсруулсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Ажлын хэсгийн дарга, С.Зулпхар хэлсэн үгэндээ саадгүй байдал, хүртээмжийн үнэлгээг барилга байгууламж, авто зам, замын байгууламж, нийтийн тээвэр болон мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр хийх 3 дэд ажлын хэсэг нь удирдамжид заасан хугацаанд чанартай, үндэслэлтэй, бодит үнэлгээ хийж, санал дүгнэлт гаргаснаар Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг батлуулахад томоохон ач холбогдолтойг онцоллоо.
Дээш