"Ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь" сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо
ХНХЯ нь Японы ядуурлыг бууруулах сан, Ази, номхон далайн орнуудын дасан зохицох чадварыг бэхжүүлэх сангийн санхүүжүүлжилтээр “Олон нийтэд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь” бүсийн техникийн туслалцааны төсөл (ТТ 9928)-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ахмад настанд үзүүлж буй нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, цаашид олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны цогц тусламж, үйлчилгээний шинэ загварыг хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
Төслийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцохоор Азийн хөгжлийн банкны Тогтвортой хөгжил цаг уурын хөгжлийн газрын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Мередит Вайз, Зүүн Азийн бүсийн газрын нийгмийн секторын ахлах мэргэжилтэн Раушанбек Маматкулов болон төслийн олон улсын зөвлөхүүд 2022 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд манай улсад ажиллаж байна.
Энэ хүрээнд ХНХЯ, АХБ, олон улсын зөвлөхүүдтэй хамтран “Ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтад АХБ, ХНХЯ, ЭМЯ, СЯ, ХХҮЕГ, ГБХЗХГ, ХБХХЕГ, Герентологийн үндэсний төв, багш судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 40 гаруй хүн оролцож төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Түүнчлэн төслийн хүрээнд СХД-т “Ачлалт хүүхдүүд” ТББ, Дархан-Уул аймагт Ахмадын хөгжлийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт ахмад настны урт хугацааны цогц тусламж, үйлчилгээний загварыг туршихаар сонгосон. Энэ хүрээнд бөгөөд ХНХЯ болон АХБ-ны төлөөлөл 2022 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус байгууллагуудад ажиллаж, Идэвхтэй насжилтыг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн Төслийн Удирдах хорооны ээлжид хурлыг зохион байгуулж, төслийн хэрэгжилт, тулгамдсан асуудал болон салбар дундын уялдааг хангахад чиглэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллалаа.
Дээш