Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын ажлын хэсэг хуралдав
Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын ажлын хэсэгт яам, агентлаг, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага, их, дээд, сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөлөл ажилладаг.
Энэ удаагийн хурлаар Эрүүл мэндийн яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Хүүхдийн хорт хавдрын хожуу оношлогдож байгаа тохиолдол” Хүүхэд, өсвөр үеийнхний тусламж, үйлчилгээний зураглал сэдвээр илтгэл танилцууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга хийж, ажлын хэсгийн гишүүдийн саналыг авсан.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалт болон “Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, Эрүүл мэндийн салбар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар, Барилга, хот байгуулалтын салбар, Хөдөлмөр, нийгмийн халамжийн байгууллагын хүүхэд хамгааллын нийтлэг бодлогын төсөл танилцуулав.
Өнөөдрийн хуралд хорт хавдартай хүүхдийн эцэг эхийн төлөөллүүдийн санал сэтгэгдлийг сонсож, хорт хавдар нь хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж байгааг онцлон хэлэлцэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам хамтран хорт хавдартай хүүхдийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох бодлогын шинжилгээ хийж, судалгаа, шинжилгээнд үндэслэн хууль, эрх зүйн орчны шинэчлэл, үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулахааар шийдвэрлэлээ.
Дээш