Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажиллав
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал мэргэжилтнүүдийн хамт нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 17-оос 24-ний өдрүүдэд очиж ажиллав.
Тэрээр дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн удирдлага, албан хаагчид зарим хороодын нийгмийн ажилтнуудтай уулзан "ehalamj.mn” цахим системээр дамжуулан иргэдэд үзүүлж байгаа халамжийн үйлчилгээний хэрэгжилтийн байдал, давуу тал болон тулгамдаж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар ярилцан, санал солилцов.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн удирдлагуудын зүгээс зарим дүүрэгт хороод шинээр нэмэгдсэнтэй холбоотой хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд дутагдалтай, иргэд үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байгаа ч системийн хөгжүүлэлтийг илүү сайжруулснаар анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа ажилтнуудын ажлын ачаалал тэнцвэржих боломжтойг дурдан цахимжилттай уялдуулан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэмжлэг, хөнгөлөлт тусламжийн үйлчилгээг зохицуулсан журмуудад өөрчлөлт оруулах зэрэг саналтай байна гэв.
Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал иргэдэд халамжийн үйлчилгээг хүргэн ажиллаж албан хаагчдын ес зүй, харилцаа хандлага, ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах, иргэдэд цахим үйлчилгээний талаар ойлголт, мэдээллийг илүү хүргэх, ажил сайжруулах чиглэлийг өглөө.
Дээш