"Дүнжингарав" марафонд 1500 гаруй тамирчин оролцлоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэгш оролцоог хангах зорилгын хүрээнд пара хөнгөн атлетикийн ууган гавьяат тамирчин, ОУХМ Ж.Лхагважавын нэрэмжит “Дүнжингарав марафон” тэмцээн есдүгээр сарын 25-ны өдөр Дүнжингарав худалдааны төвийн талбайд боллоо.
Тус марафоныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Биеийн тамир спортын улсын хороо хамтран зохион байгуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв зэрэг байгууллагуудын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг агентлагуудаас албан хаагчдын төлөөлөл нийт 300 гаруй төрийн албан хаагчид, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо зэрэг хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насны сурагчид, ард иргэд зэрэг нийт 1500 гаруй тамирчид оролцлоо.
Марафон гүйлтийг мэргэжлийн тамирчдын 21 км-ын ангилал, гүйлт сонирхогчид иргэдийн дунд 4 насны ангиллаар зохион байгуулсан бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд бүрэн хараагүй, сул хараатай, гарын тайралттай, тэргэнцэртэй, саажилттай гэсэн 4 ангиллаар зохион байгууллаа.
Энэхүү “Дүнжингарав марафон”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлж, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд тэсвэр хатуужил, бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх, эх орондоо хайрладаг, байгальд ээлтэй, хүнлэг энэрэнгүй нийгмийг бүтээхэд чиглэж, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
Дээш