Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг дэмжин ажиллахаа илэрхийллээ
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа. Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат улсын төсөв өргөн баригдахын өмнө МҮЭ-ийн холбооны байр суурийг сонсож шуурхай хүлээж авч уулзаж байгаад талархал илэрхийлээд сайдаар томилогдсонд баяр хүргэлээ.
Тэрээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тавьж ирсэн санал шаардлага болон үнэ ханшийн өсөлттэй холбоотой цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагуудын талаар мэдээлэл өгсөн юм. Боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, төрийн албаны салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгаа бодит нөхцөл байдлыг танилцуулан хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудлыг шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд шийдвэрлэж ажиллахыг хүслээ. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхэд үйлдвэрчний эвлэлийн байгууллага оролцоход бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Уулзалтад МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, тээвэр холбоо, нийтлэг үйлчилгээ, уул уурхай эрчим хүч зэрэг 14 салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дарга нар оролцсон. Тэд цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах дүрэм журамтай холбоотой салбар бүрд тулгамдаад буй асуудлыг танилцуулсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа санал шаардлага бол ард иргэдийн санал хүсэлт учраас анхаарал хандуулан та бүхнийг дэмжин хамтран ажиллана” гэлээ.
Дээш