Монгол-Турк оюутнуудын туршлага солилцох, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, солилцооны хөтөлбөр Улаанбаатар хотноо эхэллээ
Хөтөлбөрийн хүрээнд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Тогооч, талх нарийн боовны ангийн оюутнууд Бүгд найрамдах Турк Улсын 10 оюутны хамт үндэсний хоолны онцлог уламжлалын талаар харилцан бие биедээ зааж, хамтдаа хийж, нөхөрлөн ёс заншлаасаа суралцах юм.
Хоёр улсын оюутнуудын туршлага солилцох хөтөлбөрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж хэлсэн үгэндээ, Оюутнуудад харилцан туршлага судлах боломж олгосон энэ хөтөлбөр онцгой ач холбогдолтойг цохон тэмдэглээд, “Аливаа сургалтын хамгийн гол зүйл нь мэдэх чадах зүйлээ бусадтай хуваалцах явдал юм. Энэ арга хэмжээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон ажилд түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол, Турк оюутнууд идэвхийлэн бие биеэсээ суралцаж, сайхан дурсамж бүтээхийг хүсье” гэлээ.
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв Туркийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ТИКА/-тэй 2022 оны 1 дүгээр сард хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд 2022 оны 6 дугаар сард тогооч, талх нарийн боов, үйлдвэрлэлийн ангийн сургалтын дадлагын баазыг сайжруулан 35 нэр төрлийн 100 сая төгрөгийн тоног төхөөрөмж бүхий зориулалтын анги танхим бэлэн болгоод байна. Оюутан солилцооны хөтөлбөр мөн ТИКА-гийн дэмжлэгтэйгээр дээрх хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээнд ТИКА-ийн Улаанбаатар дахь дэд хөтөлбөр зохицуулагч Желан Атмажа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Э.Тамир Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дарга С.Баярбат нар оролцож оюутнуудад амжилт хүслээ.
Дээш