“Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмын төсөлд санал авч байна
Монгол улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэн орж, 1996 онд “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль” батлагдсанаар хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн анхны үндэс суурь тавигдсан.
2006 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудал эрхлэх хороо”-г Баянгол, Багануур дүүргүүд болон Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор дүрмийг баталснаар анхны загвар хороод бий болсон. Энэхүү хороо нь гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүүхдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хөндийрүүлэх зорилготой гэрч, хохирогч хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйлчилгээг үзүүлэхээр бүх аймаг дүүрэгт байгуулагдсан.
Түүнээс хойш Монгол Улсын Шадар сайдын 2012 оны 04 сарын 16-ний өдрийн 28 дугаар тушаалаар гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн эрх ашгийг хамгаалах, байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, тэдэнд нийгэм, эрх зүйн туслалцаа, хүмүүжлийн нөлөө үзүүлэх зорилгоор Хүүхдийн хууль зүйн хорооны анхны нийтлэг журам батлагдсан.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “.. хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хууль зүйн болон хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална...” гэж заасны дагуу тус яамнаас журмын төслийг боловсрууллаа.
Журмын төслийг хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг холбогдох төрийн байгууллага, хуульч, өмгөөлөгч, төрийн бус байгууллагуудын төлөөлөлд танилцуулан, хэлэлцүүлж тэдний саналыг тусгасан болно.
Энэхүү журмын төсөлд хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдэн, мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, эрх зүйн зөрчлийн улмаас шийтгэгдсэн хүүхдэд үзүүлэх үйлчилгээ болон Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүтэц, бүрэлдэхүүн, гишүүдийн үүргийг нарийвчлан тусгасан болно.
Саналыг 2017 оны 3 дугаар сарын 02-оос 17-ыг хүртэл shiileg@mlsp.gov.mn хаягаар авна.
Журмын төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.