Идэвхтэн бичигчээс ажил олгогч хүртэлх зам

uploaded pictureХөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил хөдөлмөрлөн, нийгмийн баялгаас бүтээлцэж яваа нэгэн жишээг энэ удаагийн сурвалжилгадаа онцолж байна. Ялангуяа нийгэм, улс орны түүхийг бичиж үлдээн, архивладаг онцлогтой сэтгүүл зүйн салбарын нэгэн эрхэм манай гол баатар. Түүнийг Б.Оргодол гэдэг. Тэрбээр “Тулга тавилан” студийн захирал. Сэтгүүлч мэргэжилтэй Б.Оргодол одоогоос бараг 30 жилийн өмнө буюу 1993 онд энэ салбарт ажиллаж эхэлжээ. Ингэхдээ Эрүүл мэндийн яамны харьяа “Эрүүл мэнд” сониноос ажлын гараагаа эхэлж байснаа тэрбээр дурслаа. Тухайн үеийн ЭМЯ-ныхан түүнийг “Эрүүл мэнд” сониныхоо идэвхтэн бичигч болгон, өөрийн гэсэн булан хөтлүүлсэн юм байна. Учир нь тухайн үед тэрбээр сэтгүүлч мэргэжил эзэмшээгүй, сонирхлын дагуу сонин, сэтгүүлд өгүүлэл, нийтлэл хэвлүүлж, мэдээ бэлтгэж өгдөг байжээ. Үндсэндээ сонирхол, чин хүсэл нь түүнийг сэтгүүл зүйн салбартай холбож, өдий хүртэл тууштай ажиллахад хүргэсэн аж.

Б.Оргодол 1997 онд МУИС-ийн сэтгүүл зүйн ангид элсэн, 2001 онд төгсжээ. Сургуулиа төгсөхөөс өмнө буюу 2000 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хүмүүн заяа” сониныг эрхлэн гаргаж эхэлсэн гэнэ. Уг сониныг эрхлэн гаргах, хэвлэх санхүүжилтийг Азийн хөгжлийн банк хариуцаж байжээ. Таван жилийн турш сар тутам хэвлэгдсэн “Хүмүүн заяа” сонин нь улсын хэмжээнд борлуулагдан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зовлон, жаргалыг олон нийтэд хүргэж, тэдний дуу хоолой нь болдог байв. Улмаар тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд чухал хувь нэмэр оруулсан талаар Б.Оргодол хэллээ. “Эрүүл мэнд” болон “Хүмүүн заяа” сонинд ажиллаж байхдаа тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй түлхүү харилцан, тэдэнд ажил олгох, ажлын байранд зуучлахад анхаарч ирсэн аж. Тухайлбал, “Хүмүүн заяа” сониныг эрхлэн гаргаж байсан хүмүүс бүгд хөгжлийн бэрхшээлтэй байв. Сониндоо хэвлүүлэх нийтлэл, өгүүлэл, мэдээ мэдээллийг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр бичүүлж, ярилцлагын зочноороо мөн л тэдний төлөөллөөс урин оролцуулж байсан гэнэ. Үүнээс гадна 2000-2006 онд “Сэтгэлийн өчил” нэртэй яруу найргийн наадмыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулж байсан бөгөөд хүмүүс ч идэвхтэй оролцдог, хүсэн хүлээдэг арга хэмжээ болж чадсан аж. Мөн Б.Оргодол Монголын паралимпийн хороонд бүртгэлтэй сэтгүүлч гэнэ. 2008 оны паралимпийг сурвалжилсан, манай улс эл наадмын аваргатай болсон нь түүний сэтгүүлч мэргэжил эзэмшсэний нэг бахархалт үйл явдал юм билээ.

“Тулга тавилан” студийн тухайд өдгөө 17 настай. Б.Оргодол 2005 онд тус студиэ нээж, бүх төрлийн нэвтрүүлэг бэлтгэн олны хүртээл болгож буй. “Тулга тавилан”-гийнхан өнгөрсөн хугацаанд баримтат кино дөрвийг бүтээсэн бөгөөд төрөл бүрийн сэдвээр 600 гаруй нэвтрүүлэг бэлтгэн, томоохон телевизүүдээр цацсан юм байна. Уран бүтээлийн агуулга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалж, амьдралын чанарыг нь сайжруулахад чиглэжээ. Үүний зэрэгцээ тэдний амьдралын бодит үнэнийг өгүүлэхийг зорьдгийг Б.Оргодол тайлбарласан. Мөн жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд буюу Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөрт зориулж Монголын үндэсний телевизийн “Үдшийн хэмнэл” студитэй хамтран нэвтрүүлэг бэлтгэн, цацаж хэвшсэн аж.

“Тулга тавилан” өдгөө дөрвөн ажилтантай. Ажилтнууд нь бүгд хөгжлийн бэрхшээлтэй. Тэд ажилдаа сэтгэл, зүтгэлтэй, хариуцлагатай ханддаг, чадварлаг хүмүүс гэдгийг Б.Оргодол онцлов. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хийж чадахгүй зүйл ховор гэнэ. Тэрбээр “Халамжаас хөдөлмөрт шилжье гэсэн төр, засгийн уриалгыг талархан дэмжиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бид өөрт тохирсон, чадах ажлаа хийн, нийгэмд оролцоотой амьдрах хэрэгтэй гэж боддог. Түүнчлэн өөрт тулгарсан асуудлаа өөрсдөө шийдэхийг эрмэлзэх нь зүйтэй. Хэн нэг нь тусалж, дэмжихийг хүлээх, халамж анхаарал тавихыг шаардах нь зохисгүй. Тиймээс ч би болон манай хамт олон маш идэвхтэй ажилладаг. Захиалгат нэвтрүүлэг бэлтгэхээс гадна тэмдэглэлт арга хэмжээ, баяр ёслолын үеийн дүрс бичлэг ч хийж борлуулдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих цөөнгүй төсөлд хамрагдан, санхүүжилт авч байсан. Үүний үр дүнд студийн тоног төхөөрөмжөө сайжруулж, орчин үеийн техник хэрэгсэлтэй болсон” гэв.

“Тулга тавилан” студид Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхан байрандаа нэг тасалгаа гарган өгсөн байжээ. Гэхдээ тус төвийн нэг байр хуучирсан учраас буулган, шинээр барихаар төлөвлөн барилгын ажил эхлүүлсэнтэй холбоотойгоор одоохондоо тэд ажлын байргүй болсон аж. Гэсэн ч ажлаа таслалгүй үргэлжлүүлэх зорилгоор Б.Оргодол студийн төхөөрөмжүүдээ гэртээ байрлуулан, шаардлагатай тохиолдолд ажилчдаа цуглуулан ажиллаад бараг нэг жил өнгөрч байна. Гэсэн ч гэрээсээ ажиллах нь бүтээмж муутай учраас байр түрээслэн авч, тохижуулж буйгаа тэрбээр дурдлаа. Түрээсийн байрны засварын ажлаа ирэх намар гэхэд дуусгахаар төлөвлөсөн гэсэн. Студи удирдах, цөөн ч болов хүн ажлын байраар хангах нь тун ярвигтай гэдгийг Б.Оргодол дурдсан. Ажилтнуудынхаа нийгмийн даатгал болон бусад татвар, хураамжийг журмыг дагуу төлж, орлогоор тасрахгүй байхын тулд хичээх шаардлагатайг тэрбээр хэллээ.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн салбар технологижин, цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр хурдан шуурхай нэвтрүүлэг бэлтгэдэг болсон. “Тулга тавилан”-гийнхан ч олон жилийн туршлага, чанартай гүйцэтгэл санал болгодог, түүнчлэн хамтран ажиллаж ирсэн байгууллагуудынхаа дэмжлэгтэй ажлын захиалга төдийлөн тасрахгүй, ажилтнуудаа орлоготой байлгаж буйгаа дурдлаа. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар ч ажлыг сайн хийдэг, сурсан зүйлээ баталгаажуулж, улам өсөн дэвжих сонирхолтойг Б.Оргодол дахин дахин онцолж байв. Түүнчлэн сонин эрхлэн гаргахдаа ч, телевизийн нэвтрүүлэг бэлтгэхдээ ч тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийн мөнгийг нэмэх тухайд дурдаж байгаагүй. Энэ талаар ямар нэгэн зүйлийг төр, засгаас шаардаж байгаагүйгээ хэлсэн. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, хөдөлмөрлөх боломж олгох, тэгш, хүртээмжтэй нийгэм бүрдүүлэхэд л анхаарахыг нийтлэл, нэвтрүүлгүүдээрээ хөндөж ирсэн аж. Ийн эрмэлзэхийн учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж хүртэгч бус, харин хүртээмжтэй, тэгш, амьдрахад таатай орчин  бүрдүүлж өгвөл бусдын л адил баялаг бүтээгч болж чаддагийг нийгэмд, олон нийтэд ойлгуулах зорилготой. Үүнээс гадна сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, уран бүтээлийн студи, нэгдлүүд улстөржих, аль нэг намын дуу хоолой болох нь зүй зохисгүй үйлдэл гэдгийг Б.Оргодол хэлсэн. Тиймээс ч “Тулга тавилан” студийнхэн сонгуулийн сурталчилгааны ажилд огт оролцдоггүй, энэ төрлийн нэвтрүүлэг бэлтгэж байгаагүй гэсэн.

Өдгөө хэлэлцүүлэхээр ярьж буй Хөдөлмөрийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй хүн 55, эмэгтэй нь 50 насандаа тэтгэвэрт гарахаар хуульчлах болсныг дуулснаа Б.Оргодол дурдаад, энэ нь оновчгүй шийдвэр гэв. Учир нь хүн эрт тэтгэвэрт гарвал нийгмээс тусгаарлагдах, идэвхгүй амьдралын хэв маягт шилжих эрсдэлтэйг тэрбээр энэ сурвалжилгаар дамжуулан олон нийтэд, шийдвэр гаргах түвшинд уламжлахыг хүслээ. Улмаар өвчин эмгэг тусах үндэс болох ч магадлалтай гэсэн. Эцэст нь хэлэхэд, ийм нэгэн цомхон хамт олон хэвлэл мэдээллийн салбар, уран бүтээлийн ертөнцөд цөөнгүй жил, тогтвортой үйл ажиллагаа явуулж, өөрсдийн өнгө төрх, хэв маяг бүхий бүтээл туурвин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах таатай орчин болжээ.      

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.06.03

С.Цэрэндулам

Дээш