Хүн бүр сэтгэл хангалуун ажиллах орчин бүрдүүлсэн хамт олон

uploaded pictureХөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин, ажиллаж хөдөлмөрлөх боломжоор нь ханган, хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж нэмэгдсээр, тэр хэрээр олон нийтийн ойлголт, хандлага ч өөрчлөгдсөөр байгааг “Хүртээмжтэй нийгэм” цуврал материал бэлтгэх явцдаа байнга олж харж байгааг онцолъё. Хэнийг ч ялгалгүй ажиллах хөдөлмөрлөх боломжоор нь хангаж, тэр хэрээр ажил үйлс нь өөдрөг, амжилт бүтээл дүүрэн байдаг аж ахуйн нэгжүүдийн нэг бол “Мишээл групп” компани. Энэ компанийг олон нийт сайн мэддэг. Тавилгын “Мишээл экспо”, мөн барилгын материалын дэлгүүр, байнга шахам үзэсгэлэн зохион байгуулдаг гэдгээр нь танина.

Групп хамт олны үйл ажиллагаа жил ирэх тусам өргөжин тэлсээр байдаг бөгөөд “Мишээл сити” хэмээн нэрийдсэн дагавар хотын төсөл хэрэгжүүлж буй билээ. Энэхүү дагавар хот нь үйлчилгээний газрууд, байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгээс гадна орон сууцын хороолол, эмнэлэг, боловсролын төв, зочид буудалтай байх аж. Төлөвлөсөн, эхлүүлсэн байгууламжуудаа барьж дуусгахад хүний хэрэгцээ цөм бүрэн, тав тухтай амьдрах бүхий л бололцоог хангасан хот бий болох юм билээ.

Тус компани өдгөө 150 орчим ажилтантай юм байна. Тэдний 13 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй аж. Энэ бол харьцангуй өндөр үзүүлэлт тул анхаарал татсан юм. Тиймээс “Мишээл групп”-ийн хүний нөөцийн бодлогыг сонирхоход нэлээд сайн бодож, цогц болгосон, ажиллагаа сайтай механизм шиг санагдсан. Учир нь эднийх тэгш оролцоог дэмжих бу­юу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нээлттэй орон зайг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлдэг. Хүмүүсийг жигд ажилдаа сэтгэл ханамжтай болгодог нууц нь ажлын байрны зарыг нээлттэй тавихаас эхэлдэг байна. Тухайлбал, ямар ч хүн ирээд ажиллаж болно гэсэн утгаар буюу тодотгол, шаардлага тавихгүйгээр зарладаг. Хэрвээ тухайн ажлын байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан гэж онцолбол, эсвэл хэт өндөр шаардлага тавих нь хэн нэгнийг ялгаварлан гадуурхсан хэрэг болно гэдгийг тус компанийнхан хэлсэн. Олон улсын хүний нөөцийн менежментийн зарчмаар бол ажлын байр бүх хүнд нээлттэй байх ёстой ажээ.

Зарын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн ажлын байрны сонгон шалгаруулалтад ирэхэд хамгийн түрүүнд хандлага буюу ажил хийх хүсэл сонирхлыг нь харгалзан үздэгээ Хүний нөөцийн албаныхан нь хэлэв. Ямар ч хүнд сонирхол байвал ажил хийх боломж өөртөө бий болгодог төдийгүй тууштай зүтгэдэг ажээ. Ийм зан төлөвтэй хүмүүсийг таньж, сонгон авч, ажлын байранд дасгах хүртэл нэлээд ажиллагаа шаарддаг. Гэсэн ч эцсийн дүнд өгөөж нь ирж, компанийн ажиллах хүч чадварлаг болсоор байдаг аж. Түүнчлэн тус компани хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд ажлын байрыг нь дахин загварчилж, тохируулдаг гэнэ. Жишээ нь, сонсголын бэрхшээлтэй токарьчин эмэгтэй Н.Одончулуунд ажлын байрыг нь гүйцэтгэх ажилд нь тааруулан бэлтгэж өгчээ.

Тус компанид Т.Ариунболд гэдэг одой залуу туслах гагнуурчнаар ажилладаг. Түүнийг сургасны үндсэн дээр ажлын байраар анх хангажээ. Тэрбээр өдгөө хамт олондоо нэр хүндтэй нэгэн болж төлөвшсөн байна. Түүнтэй уулзаж ажил үйлсийнх нь талаар асууж ярилцах гэсэн боловч гурваас илүү минут олдоогүй юм. Тэрбээр “Г.Баттулга багш надад зааж сургасан. Одоо би дажгүй л байна. Энэ компанидаа олон жил ажиллах бодолтой. Сайн мэрийвэл өөрөө ч бусдад заах багш болж болох юм гэж боддог. Би эмээтэйгээ амьдардаг. Эмээ тэтгэвэрт. Намайг ажилтай, цалинтай болсонд эмээ баяртай байдаг” хэмээн ярилаа.

Мөн саажилттай, хөдөлмөрийн чадвараа 90 орчим хувь алдсан гэх оноштой Н.Сарандагина тус байгууллагад үйлчлэгчээр ажилладаг. Түүний энд ажиллаж эхэлсэн түүх анхаарал татсан юм. Н.Сарандагиныг эхлээд гал тогоонд сав угаагчаар гурван сар гаруйн хугацаанд ажиллуулжээ. Ийнхүү шийдвэрлэсэн гол шалтгаан нь түүнд аяга бариулж, алчуур мушгих дадал суулгах гэснийх аж. Мөн хүмүүстэй танилцуулж, хүлээн зөвшөөрүүлэх ч гэснийх. “Мишээл групп”-ийн захиргаа, хүний нөөцийн албаны дарга Б.Түвшинтөгс энэ аргыг санаачилжээ. Түүний санаачилга зөв байсан нь гал тогооныхон болон тэнд үйлчлүүлэгчид Н.Сарандагинад анхнаасаа маш хүндэтгэлтэй хандаж байснаас харагдсан аж. Ажиллагсад амжилт бүрийг урмын үгээр мялааснаар бүсгүй өдөр ирэх тусам тайвширч, ажилдаа дасаж, ичиж, сандрах нь багассан тул оффисын үйлчлэгч болгожээ. Энэ хүртэлх хугацаанд бусад ажилтан нь ч бүсгүйг ажилтай болоход нь тусалсандаа, хамт олондоо нэгтгэж чадсандаа баярлаж байгаа нь мэдрэгджээ. Тэр хэрээр хамт олонч уур амьсгал батжиж ирсэн байна. Энэ нь хөдөлмөрийн бүтээмж сайн байх суурь нөхцөл ч болжээ. Сайхан хамт олны дунд сэтгэл хангалуун ажилладаг Н.Сарандагина “Би цалингаа хадгалахыг боддог ч тэр бүр чаддаггүй. Тусгай олимпын хороонд харьяалагддаг, бочи төрлөөр хичээллэдэг тамирчин болохоор тэмцээнд орохын тулд бэлтгэх хэрэг гардаг. Тийм болохоор мөнгөө үрчихээд байдаг юм” гэж байлаа. Ийм өөдрөг жишээ олныг дурдаж болох аж.

Өмнө нь сонсож байсан ч очиж үзээгүй байгаль, танин мэдэхүйн хүрээлэнд саатлаа. Тэнд Туул голын салаа дамнасан явган хүний гүүрийн хажуугаар барьж буй тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам ашиглалтад орох дөхжээ. Түүнийг үнэхээр хүний төлөө гэсэн сэтгэлээр хийж байгааг харав. Нэг хэсэг тэгшхэн, дараагийнх нь бага зэрэг налуу, дахиад тэгшхэн гэсэн зохион байгуулалтаар төлөвлөсөн нь зорчигч тэргэнцэртэй иргэнд түр амсхийх боломж олгох гэснийх аж. Түүгээр хүүхэд, хөгшид ч явахад таатай юм билээ. Зөвхөн эндээс харахад бүгдэд хүртээмжтэй орчинд хүмүүс хэрхэн тав тухтай, сэтгэл ханамжтай байж болохыг ойлгож чадна.

“Мишээл групп” 2021 онд хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд ээлтэй орчин бүрдүүлсэн хамт олноор шалгарсан юм билээ. Тус компани хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд ээлтэй орчин бүрдүүлдэг, ажлын байранд дадлагажуулах хөтөлбөрийн хүрээнд ажлын байраар хангадаг, ажлын байрыг нь тэдэнд ээлтэйгээр загварчилдаг, хамт олон дунд нийгэмшүүлдэг, тасралтгүй сурч боловсруулдаг карьер хөгжлийн бодлоготой. Мөн иргэдийн эрүүл мэндийг нь дэмжиж, ажлын уян хатан цагийн бодлого хэрэгжүүлдэг гэх зэрэг үзүүлэлтээр шалгарчээ.

Хамт олон нь хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудтайгаа ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр харилцаж, хамтран ажилладаг. Ингэснээрээ ажилтан бүр аюулгүй орчинд хөдөлмөрлөж, хүндлэгдэн, үнэлэгддэг гэдгээ мэдэрдэг бөгөөд компани хөгжиж дэвжихэд хүн бүр хувь нэмэр оруулдаг, олны хүч оломгүй далай гэдгийг ухаардгийг хүний нөөцийн менежер Н.Отгонтуяа хэлж байлаа. Ажил хөдөлмөрийн ийм орчин бүрдүүлсэн байхад ямар ч ажилтан үүргээ 100 хувь биелүүлэхийн төлөө чармайдаг аж. Мэдээж олон хүн дотор алдаа гаргах нь буй. Тиймээс хүний нөөцийн албанаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг алдаа гаргасных нь төлөө хөгжлийн бэрхшээлд суурилсан ялгаварлан гадуурхах тохиолдол гарч болохыг ойлгуулан таниулах, ийм байдлаас сэргийлэх тухай сургалтад удирдах болон нийт ажилтныг хамруулдаг гэнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй мэргэжилтнүүдийг ажлын байранд дадлагажуулах хөтөлбөрт хамруулахдаа цалин, өдрийн хоол, унааны мөнгөөр хангадаг нь тэдэнд тогтвортой ажиллах хүсэл төрүүлдэг байна. Б.Түв­шинтөгс захирал “Манайд ажлаас гаръя гэдэг хүн байдаггүй” гэж хэлсэн нь хамт олны гишүүн бүр ажилдаа сэтгэл хангалуун байдгийнх бололтой.

Тус байгууллагынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос тэргүүн М.Чулуун-Эрдэнэ, спортын мастер Д.Ганбаатар гэсэн тэргэнцэртэй хоёр ажилтныг “Мишээл сити” дагавар хотдоо урьж, тандалт хийлгэжээ. Гол зорилго нь уг хот бүх хүнд хүртээмжтэй, өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ч ээлтэй орчин байж чадах нь уу, үгүй юү гэдгийг шалгуулах зорилготой байж. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын тусламжгүйгээр байгаль, танин мэдэхүйн хүрээлэнд зугаалж, зоогийн газруудад үйлчлүүлэн, тавилга худалдаж авах зэргээр бүхий л талаар саадгүй зорчиход юу дутагдаж болохыг тодорхойлуулах гэжээ. Хаана тэргэнцэртэйгээ явахад эвгүй байна, аль хэсэгт нэлээд хүч гаргаж байна, ерөөс явж болохгүй газар байна уу гэх зэргээр тэд “Мишээл сити”-ийг шалгасан аж. Ингээд зочин ажилтнууд “Энэ хаалгыг хаахад хэцүү байна. Энд зам нэлээд өгсүүр байна. Тэнд хэт налуу юм” гэх зэргээр бүх дутагдал, саадыг нь хэлж өгсөн аж. Ийнхүү бүтэн өдөржин шалгуулсны үндсэн дээр “Мишээл сити”-гийн орчны хүртээмжийг цаашид илүү сайжруулж, хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулаад буй юм билээ.

“Мишээл сити” дагавар хотыг хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй, хүртээмжтэй орчинтой байлгахын тулд ийнхүү хүч хөдөлмөр гаргаж байгаа аж. Ийм нэгэн сайхан хамт олны ажил үйлсийн зах зух, хүний нөөцийн бодлогынх нь онцлогтой танилцаад “Мишээл групп”-ийнхэн ажилдаа дуртай байх нь аргагүй юм байна гэж бодлоо. Нууц нь ажиллагсад нь байгууллагадаа, байгууллага нь ажиллагсдадаа бүхий л талаар уусан шингэснийх бололтой. Б.Түвшинтөгс захирал “Ямар ч байгууллага ашиг орлогоо нэмэхийн тулд юм уу, ямар нэгэн хөнгөлөлт эдлэх, эсвэл нэр хүндийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах, тэднийг дэмжих шийдвэр гаргадаггүй байх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллах боломжоор хангах нь нийгмийн ач холбогдолтой, хүний ёсны л хэрэг юм” хэмээснийг нийтлэлийн төгсгөлд онцолъё.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.05.31

Р.Оюунжаргал

Дээш