Хэвлэл мэдээллийн байгууллагууд хүртээмжээ сайжруулахад анхаарч эхлэв

uploaded pictureuploaded pictureuploaded pictureХөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэгийг хүүхдэд багаас нь олгох нь чухал. Ингэж байж эрүүл хандлага бүхий нийгмийг ирээдүйд цогцлооно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чин сэтгэлээсээ ойлгодог, тэдний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг иргэн болж төлөвших суурийг тавина. Тэгвэл олон нийтийг үнэн бодитой, хүртээмжтэй мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх, нийгмийг зөв зүгт залуурдан чиглүүлэхэд чухал үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд үүнд хэрхэн манлайлал үзүүлж байна вэ. Тэд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, хандлагыг өөрчлөх чиглэлээр юу хийв, ямар жишиг бий болгов. Хэвлэн нийтэлж, бэлтгэн нэвтрүүлж буй бүтээлүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүртээмжтэй байж чадаж байна уу. Эдгээр асуултад хариулт эрлээ.

Асуудал хөндөх нь түгээмэл

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр, Дауны хам шинжтэй хүмүүсийг дэмжих өдөр гэхчлэн тэмдэглэлт өдөр, баяр ёслолын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гол баатраа болгосон, тэдний амьдралыг харуулсан нийтлэл, нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэд хүргэх нь олон гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийнхэн онцлов. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн гэхээс илүү асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх нь түгээмэл гэдгийг ч хэллээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрх зөрчигдсөн, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртсөн, орчны саад бэрхшээлтэй тулгарсан асуудлуудыг түлхүү хөнддөг байна. Энэ нь нэг талаараа хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээж, тэдэнд нийтлэг тулгамддаг асуудлыг хөндөж байгаа боловч хүүхдүүдэд хүрэх нь мөн л хязгаарлагдмал гэнэ. Учир нь телевизүүд эдгээр сэдвийг мэдээллийн хөтөлбөрийн цагаараа хөнддөг учраас хүүхдүүдэд төдийлөн хүртээмжтэй байж чаддаггүй аж.

Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан, дохионы хэлмэрчтэй, хадмал тайлбар бүхий бүтээл хэр олон байна вэ. Харилцаа холбооны зохицуулах хороо өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевизүүдийг хамруулсан тандалт, судалгааг хийхэд хүүхэд байтугай насанд хүрэгчдэд зориулсан ийм нэвтрүүлэг ховор байдаг гэнэ. 2019 онд л гэхэд 88 телевиз хамруулан тандалт хийхэд тэдний 20 нь л ийм нэвтрүүлэг бэлтгэж, дамжуулжээ. Үүний дотор яг хүүхдэд зориулсан гэх тодотголтой бүтээл тавхан байсан нь дохионы хэлтэй нэвтрүүлэгт ногдсон нийт цагийн 0.5 хувьд ч хүрээгүй аж. Эндээс хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хамгийн ойр эх сурвалжид тооцогддог телевизүүд энэ чиглэлд хэр анхаардаг нь тод харагдаж байна. Нэг жишээ дурдахад, 2021-2022 онд дохионы хэлтэй нэвтрүүлгийн цаг эрс нэмэгджээ. Үүнд мэдээж цар тахал онцгой нөлөө үзүүлсэн. БШУЯ-ны теле хичээл, эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэсэн зөвлөмж, мэдээллүүд тухайн цаг үед хүүхдүүдэд ихэвчлэн дохионы хэлтэйгээр хүрчээ. Боловсрол, эрүүл мэндийн байгууллагынхан хүүхдэд зориулсан аливаа контентыг жирийн үед ч ийм хүртээмжтэй байдлаар бэлтгэж, дамжуулбал үр дүнтэй санагдана.

Телевизийн сайн жишиг

“Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх телевиз нь өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлэх цаг үеийн мэдээ, мэдээлэл, хүүхдэд зориулсан болон танин мэдэхүйн нэвтрүүлэг зэргийг дохионы хэлний хэлмэрчтэй, эсхүл хадмал тайлбартай гаргах үе шаттай төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ”. Энэ бол Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан телевизийн хөтөлбөрт тавих шаардлагын нэгээхэн хэсэг. Нийт массаар нь авч үзвэл телевизүүд тус шаардлагыг хангалттай биелүүлдэггүй боловч бусдадаа үлгэрлэхүйц жишиг нэвтрүүлж эхэлсэн нь байна. Тухайлбал, монгол ардын үлгэрээр аялж буй бяцхан хүүхдүүдийн тухай өгүүлдэг, “Gertoon” анимейшн студийн бүтээл “Мөнх тунх” хүүхэлдэйн киног “Боловсрол” суваг телевиз монгол хадмал бичвэр, дохионы хэлмэрчтэйгээр хүүхэд багачуудад хүргэжээ. БНСУ-ын “Aurora world” компанийн бүтээл “Юүхүү ба түүний найзууд” олон ангит хүүхэлдэйн киног NTV телевиз мөн хадмал орчуулгатайгаар үзэгчдийн хүртээл болгосон байна. Монголын үндэсний олон нийтийн телевизээс салбарласан “MNB гэр бүл” суваг 186 дугаар тусгай цэцэрлэгийн “Цэцэгхэн” хамтлагийн бүтээлийг олон удаагийн давтамжтай дамжуулжээ. Тус хамтлагийнхан дохионы хэлээр дуулдгаараа онцлог.

Яг одоо гэхэд ТВ5 телевиз “Үжин тайж” НҮТББ-ынхны бүтээсэн “Миний найз Монголхүү” танин мэдэхүйн шууд нэвтрүүлгийг мягмар, пүрэв, бямба гараг бүрт дохионы хэлтэйгээр хүүхэд багачуудад толилуулж байна. Энэ сарын 19-ний пүрэв гаргийн дугаараар гэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дүрэмт хувцас өмсөхийн ач холбогдлыг тайлбарлаж, улс, улсын хүүхдүүдийн “форм”-ыг танилцуулав. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийг англиар хэрхэн нэрлэдэг, дууддаг талаар хичээл заалаа. Тус нэвтрүүлэг 30 орчим минут үргэлжилдэг аж.

Бас нэг сайн жишээ нь С1 телевиз. Эднийх мэдээллийн хөтөлбөрөө дохионы хэлмэрчтэй болгосноороо арилжааны телевизүүд дунд анхдагч нь болж байсан бөгөөд өдгөө ч энэ жишгээр нэвтрүүлж буй. Тус хөтөлбөрөөр зөвхөн томчууд гэлтгүй хүүхэд багачуудад зориулсан агуулга хүргэхийг зорьдог, тэр бүхнийг мэргэжлийн дохионы хэлмэрч дамжуулдаг гэнэ. Мөн өдгөө олон нийтийн талархлыг хүлээгээд буй “Гайхамшигт жижигхэн хүмүүс” шоу нэвтрүүлэгт аутизмтай хүүхэд оролцуулахаар сонгосон, түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж “цоллохгүйгээр” танилцуулна, цаашид “бэрхшээлгүй хөгжье” гэсэн агуулгыг нийгэмд түгээхэд улам анхаарч, энэ чиглэлээр хүүхдүүдэд зориулсан контент хийх төлөвлөгөөтэй гэдгээ тус телевизийн ахлах продюсер Г.Тэгшжаргал хэллээ. Сонирхуулахад, манай улсад одоогоор 24 цагийн турш монгол хадмалтайгаар үзэгчдэд хүрдэг ганц телевиз байгаа нь HBO кино суваг аж.

Сайтууд ч бас анхаарч эхлэв

Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн “Вэб контентыг хөгжлийн бэрхшээлтэй (ялангуяа харааны) иргэдийн шаардлагад нийцүүлэх асуудалд одооноос л нэгдсэн бодлогоор анхаарч эхэлж байна. Олон улсад түгээмэл ашигладаг “Вэб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал”-ыг эхний ээлжид орчуулж, хэвлүүлэн, вэб сайт эрхлэгчдэд хүргүүлсэн” гэж ярьж байв. Тэгвэл мэргэжлийн гэх тодотголтой, редакцын бодлоготой сайтууд контентоо сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах шийдлийг нэвтрүүлсээр байна. Жишээлбэл, eguur.mn сайт дийлэнх видео контентоо монгол хадмал бичвэртэйгээр хүргэж буй. Энэ нь олон нийтийн газарт видеог дуутайгаар тоглуулах боломжгүй хүмүүст агуулгыг нь текстээр хүргэх зорилготойгоос гадна сонсголын бэрхшээлтэй хүмүүст давхар боломж олгодог. Мөн gogo.mn сайт зарим үед нийгмийн сэдэвтэй видео контентуудаа хадмал орчуулгатайгаар үзэгчдэд хүргэдэг. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд НҮБ-ын Итгэлцлийн сангийн санхүүжилтээр Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд ийм контентыг цувралаар хүргэжээ.

Сайтуудад бас нэг зүйл түгээмэл ажиглагдсан нь хөгжлийн бэрхшээлээс үүдэлтэй тулгамдсан асуудлуудлаа шийдвэрлэсэн, өөрийгөө ялан дийлсэн, бусдын адил сурч, боловсорч, хөдөлмөрлөж байгаа, амжилтад хүрсэн хүмүүсийн амьдралын түүхийг хуваалцдаг явдал. Энэ нь хөгжлийн бэрхшээлийн талаарх явцуу ойлголтыг халах, хандлагыг өөрчлөх, цаашлаад ийм шалтгааны улмаас нийгмээс өөрийгөө тусгаарласан хүүхэд, залууст итгэл найдвар төрүүлэхэд эергээр нөлөөлж байна.

Тэд үүнд хэрхэн анхаардаг вэ

Энэ бүгдээс дүгнэхэд манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн хөтөлбөр, нэвтрүүлэг, цахим контент туйлын хангалтгүй байна. Гэхдээ цөөн боловч телевиз, сайт энэ чиглэлд анхаарч эхэлсэн нь сайшаалтай. Олон улсад бол хэвлэл мэдээллийн байгууллагууд манлайлал үзүүлдэг гэнэ. Ингэхдээ дан ганц асуудал дэвшүүлсэн нийтлэл, сурвалжилга бэлтгэх бус, шинжлэх ухаан, танин мэдэхүй, боловсрол, эрүүл мэнд гээд салбар салбарын мэдлэг, мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэхэд анхаардаг юм байна. Өөрөөр хэлбэл, нэвтрүүлэг, контентуудаа төрөлжүүлсэн байдлаар хөгжүүлдэг. Яг энэ чиглэлээр Япон, БНСУ бүс нутагтаа төдийгүй олон улсад жишиг болжээ.

Сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийн эх хэл бол дохионы хэл. Харин телевизийн хөтөлбөрийг ийм бэрхшээлтэй хүүхдүүдэд төвөггүй хүргэхийн тулд яриаг дохионы хэл рүү хөрвүүлдэг “handtalk”, “seatbox” зэрэг автомат төхөөрөмж ашигладаг жишиг олон улсад түгээмэл дэлгэрчээ. Ингэснээр дохионы хэл бүхий нэвтрүүлгийг нэгдсэн стандартад нийцүүлэх боломж бүрджээ. Харин цахим контент бүтээгч сайтууд текст хөрвүүлэгч (texting speech), дэлгэц уншдаг систем (non visual desktop access) зэрэг дэвшилтэт программыг өргөнөөр ашиглаж иржээ. Сул хараатай хүмүүст зориулж тухайн цахим системийнхээ дизайн, дэвсгэр өнгийг хүртэл сонголттойгоор, хувирдаг байдлаар хийдэг жишиг бий гэнэ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.05.27

Ж.Сувдмаа

Дээш