Халамжийн реформыг тэтгэвэр, тэтгэмжийг шатлалтай тогтоохоос эхлүүлэх нь

Манай улсын халамжийн тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг гадаадынхан тийм ч муу биш гэж үнэлдэг. Гэвч халамжаас хөдөлмөрт шилжих үедээ “явж” буй уг тогтолцоог өргөн утгаар нь авч үзвэл засаж, сайжруулах зүйл цөөнгүйг албаныхан хэлж байна. Тэгвэл нийгмийн халамжийн одоогийн тогтолцоо хэрхэн оршин тогтнодог, цаашид юуг нь яаж шинэчилбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжтой талаар энэ удаад хөндлөө.

Монголд одоогоор халамжийн 73 үйлчилгээ байгаагаас нийт санхүүжилтийн 94 хувийг бэлэн мөнгө хэлбэрээр шууд тарааж, зургаан хувь нь л үйлчилгээ болон иргэдэд очиж буй талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн зөвлөх М.Лхагвасүрэн хэлсэн юм. Эл харьцааг ядаж 80:20, урт хугацаандаа 50:50 гэсэн олон улсын жишигт хүргэхэд чамгүй хугацаа, бодлогын шинэчлэл, дэд бүтэц шаардлагатай аж. Үүний тулд дараах өөрчлөлтүүдийг нэн тэргүүнд хийх боломжтой талаар М.Лхагвасүрэн хэллээ. Тэрбээр “Нийгмийн халамжийн нэг төрөл нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ (ОНОТХҮ) юм. Энэ нь эмзэг бүлгийн зорилтот хүн амд шууд хүрдэг цогц арга хэмжээ л дээ. Чухамдаа хүнсний талон ч юм уу, бэлэн мөнгө бус хэлбэрээр иргэдэд хүрдэг гэсэн үг. Засгийн газраас нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх, бэлэн мөнгө олгохыг багасган тухайн иргэнд үзүүлэх үйлчилгээний нэр, төрлийг нь олшруулах, ингэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Үүний хүрээнд ОНОТХҮ-г өргөн цар хүрээтэй болгож, чанартай үзүүлэхүйц төрийн бус байгууллагуудыг дэмжих, одоо үйл ажиллагаа явуулж буйг нь чадавхжуулах шаардлагатай. Тиймээс цаашид ийм байгууллагуудтай хамтран ажиллах, гэрээ байгуулах үйл явцыг түргэсгэх, байнгын хяналт, үнэлгээ хийх, ажилтнуудыг нь эл чиглэлээр сургах хэрэгтэй гэсэн үг. Тэдэнд зориулсан сургалтын шаталсан модуль, гарын авлага боловсруулах, сертификат олгоход анхаарууштай. Нөгөөтээгүүр, одоо цагт нийгмийн халамжийн үйлчилгээний дэд бүтцийг буюу мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх төвүүдийг бий болгох, үйл ажиллагааг нь дэмжих нь нэн чухал” гэсэн юм.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр манай улсад 2021 оны эцсийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 106 169 иргэн амьдарч буй. Үүнээс Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүсээгүй 45 мянга гаруй хүн халамжийн тэтгэвэр авдаг аж. Халамжийн тэтгэврийг нийт 70 мянга орчим хүн авдгийн 60 гаруй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Эдгээр тоо баримтаас харвал ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрөөс бага ч гэсэн ямар нэг хэлбэрээр халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч байна. Багадаа л 288 000 төгрөгийн тэтгэвэртэй аж.

Аливаа улс орны халамжийн бодлого энэ мэт мөнгө өгч, авалцдаг өнгөц системээр хязгаарлагддаггүй. Хууль, эрх зүйн орчин, нөхцөл сайтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар халамжийн тэтгэвэр, тэтгэмжээс гадна нэмэлт орлого олох боломжийг нь бүрдүүлдэг байна. Тэгвэл “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийг Монголд ямар зорилго, чиглэлээр хэрэгжүүлж буй талаар М.Лхагвасүрэн зөвлөх “Манай төсөл нийгмийн халамжийн бодло­год дэмжлэг үзүүлэх зорилготой. Төслийн хүрээнд Нийгмийн халамжийн болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нийгмийн халамжийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, тэр дундаа тэтгэвэр, тэтгэмжийг шаталсан хэлбэрт оруулахаар судалгаа хийж байгаа. Өдгөө олонх иргэн сар бүр 288 000 мянган төгрөгийн л тогтсон тэтгэвэртэй. Энэ нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл байнгын асаргаа шаардлагатай иргэдэд оновчтой санхүүжилт биш. Тиймээс тэтгэврийг шаталсан хэлбэрт оруулж, хөгжлийн бэрхшээлийнх нь онцлогоос хамааруулж тогтоох бодлого баримтлах нь зүйтэй. Энэ бол бодлогын шинэчлэлийн нэг л салаа мөчир нь. Үүнээс гадна зайлшгүй хийх бас нэг шинэчлэл нь өмнө нь дурдсанчлан Нийгмийн халамжийн тухай хуульд тусгасан олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээтэй холбоотой. Тодруулбал, 10 төрлийн үйлчилгээг зорилтот 12 бүлгийн иргэдэд хүргэж буйг өргөтгөж, нэр, төрлийг нь нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх, боломж, орчныг нь бүрдүүлэх, эхлэл, суурийг нь тавихад бодлогын хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Засгийн газрын халамжаас хөдөлмөрт шилжих бодлогод нийцүүлсэн үйлчилгээ, тусламж бий болгохоор дээрх төслийн хүрээнд олон улсын туршлагуудыг судалж байна” гэлээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт гэхэд 2020 онд 60 359 иргэн хамрагджээ. Тоо баримт талаасаа уг үйлчилгээг олон хүн авсан мэт харагдавч халамжийн багахан мөнгө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бодит дэмжлэг болж чаддаг уу гэдэг нь үргэлж асуудал дагуулсаар ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлж буйгаар сар бүр авдаг 288 000 төгрөгийн тэтгэмж эм, тариа битгий хэл хоол, хүнсэнд нь ч хүрэлцдэггүй аж. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд уг тэтгэвэртэй тэнцүү хэмжээний тэтгэмжийг сар бүр олгодог. Өдгөө хөгжлийн бэрхшээлтэй 11 500 гаруй хүүхэд энэхүү тэтгэмжид хамрагдаж буй талаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн зөвлөх М.Лхагвасүрэн хэлсэн. Тэр­бээр “Нийгмийн халамжийн нэг төрөл байнгын дэмжлэг, туслалцаа шаардлагатай хүмүүсийг асардаг хүнд олгодог мөнгөн тэтгэмжид 2020 онд 62 151 иргэн хамрагдсан. Тухайн онд ахмад настныг асарсан 34 125, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарсан 16 632 иргэн бүртгэлтэй байна. Хүүхэд асарч буй нь 11 394 байх жишээтэй. Тэдэнд сар бүр тэтгэмж олгодог бөгөөд мөнгөн дүн нь 84 500 төг­рөг. Эл тэтгэмж асран хамгаалагч нарын нийгмийн асуудал, цалин хангамжийг нь хэзээ ч орлож чаддаггүй. Гэтэл уг дэмжлэг иргэдийн амьжиргааны түвшин, хөгжлийн бэрхшээлийн төрөл, үйлдлийн чадамж, орлогын байдал зэргээс үл хамаарч ижил олгогдсоор ирсэн. Тиймээс нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх ажлын хүрээнд эдгээр тэтгэвэр, тэтгэмжийг олгохдоо хөгжлийн бэрхшээлийн зэрэг, онцлогоос нь хамааран ялгаатай тогтоохоор ажиллаж байна. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлийг I-IV зэргээр ангилан тогтоож, үйлдлийн чадамжаар нь халамжийн үйлчилгээ, тусламжид хамруулахыг зорино. Тэр дундаа хэвтрийн болон хүнд өвчтэй хүмүүст олгох тэтгэврийн хэмжээг зөрүүтэй тогтоож, тэдэнд үзүүлэх үйлчилгээг ч тухайн иргэнд тохирсон байхаар зохицуулах юм” гэв.

Дээрх шинэчлэлийг нэвтрүүлэхэд юу туслах талаар төслийн мэргэжилтэн Э.Бямбасүрэн “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг шатлалтай тогтоохын тулд хөдөлмөрийн чадвар алдалтыг тодорхойлох ICF буюу үйлдлийн олон улсын ангиллыг Монголд нэвтрүүлэх шаардлагатай. Ийм боломж бий, эсэхийг бид судалж байгаа. Үнэлгээний энэ арга нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд суурилсан, тэдний эрхийг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх гол хэрэгсэл болдог. Харин манай өнөөгийн үнэлгээний аргачлал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоог хэрхэн хангах талаар хариулт, шийдлийг гаргаж өгдөггүйгээрээ сул талтай. Тиймээс манай улс илүү оновчтой, зорилтот бүлэгт хүрсэн, хүний эрхэд суурилсан, оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн бодлого, үйлчилгээг төлөвлөхөд үйлдлийн олон улсын ангилал маш чухал нөлөөтэй” гэсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Д.Сонгохбаярыг уншигчид манай өмнөх нийтлэлээс эчнээ таних болсон биз ээ. Тэрбээр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээс эхлээд даргын албыг цөөнгүй жил хашсан туршлагатай. Тиймээс халамжийн бодлогын талаарх байр суурийг нь тодруулахад “Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ. Холбогдох хуульд заасан нэр, томьёогоор бол яг одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдаас ялгаатай гэдгийг хамгийн ихээр мэдрүүлдэг зүйлс нь орчны саад бэрхшээл, нийгмийн халамжийн тогтолцооны хүртээмжгүй байдал юм. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх хуулийн тодорхойлолтыг өөрчлөхөөс эл салбарын шинэчлэл эхлэх учиртай. Ингэснээр тэдний хөдөлмөр эрхлэлтийг нь бодитоор дэмжих боломжтой гэж хардаг. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 106 мянга гаруй иргэн бий. Үүний 80 хувийг сонсголгүй, хараагүй, одой, олон эрхтний бэрхшээлтэй гэхчлэн халамж шаардлагатай иргэн эзэлдэг. Харин 20 орчим хувь нь бусад гэсэн ангилалтай буюу хөдөлмөрийн чадвар түр алдсан хүн байдаг. Манайхан ийм хүмүүсийг “группийн” гэж тодорхойлдог доо. Энэ нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны улмаас тэтгэмж авч буйг хэлж байгаа юм. Миний бодлоор бусад шалтгаанаар буюу хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх ангиллаас ялгаж, салгаж авч үзэх нь маш чухал. Үүний дагуу төрөлхийн бус, хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэдэд хамаарах тусламж, үйлчилгээг зөвхөн Нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг бол сайн. Харин хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон иргэдэд Халамжийн сан нь үйлчлэх зэргээр салгаж системчлэхгүй бол “холилдчихоод”, санхүүжилт нь аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг нь л болчихдог” гэлээ.

Мөн тэрбээр нийгмийн халамжийн үйлчилгээг илүү сайжруулахын тулд зорилтот бүлгийг тодорхойлохдоо арай өөр арга ашиглах нь тустай гэв. Жишээ нь, хүн бүрийн хэрэгцээ, шаардлага өөр өөр. Тэр бүхнийг нэгд нэгэнгүй үнэлж тогтоосны дараа нийгмийн үйлчилгээ, тухайлбал, мөнгөн тусламжийг ялгаатай ол­гох, үйлчилгээний төрлийг тодорхойлох хэмээн санал нэмэрлэсэн. Харин үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг гүйцэтгэлд нь суурилан санхүүжүүлэх, эсвэл нөхөн олговор өгдөг болох хэрэгтэй аж. 2000 оноос өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг I, II, III зэрэгт хуваан, тусламж, үйлчилгээ үзүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмждэг байж. Харин одоо хөнгөлөлт, урамшуулалд хамруулах үед л хөдөлмөрийн чадвар алдсан хувийг нь харгалзан, ангилж, ялгасаар байгааг тэрбээр шүүмжиллээ. Учир нь хөдөлмөрийн чадвар алдалтыг сэргээж, бүр эдгээж ч болдог. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах суурь ухагдахуун, зорилтот бүлгийг тодорхойлох аргачлал, механизм бий болоогүй цагт нийгэмд буй олон саадыг арилгаж чадахгүй гэх. Холбогдох хуульд зайлшгүй шаардлагатай шинэчлэл, нэмэлт, өөрчлөлтийг оруулаад, харин дагалдуулан гаргах дүрэм, стандартуудыг нь мөрдөж, хэрэгжүүлэхэд л анхаарах нь чухал гэдэг байр суурийг Д.Сонгохбаяр илэрхийлсэн юм.

Энэ мэт үнэлгээний аргачлал, механизмыг өөрчлөөгүй учраас зорилтот бүлгээ оновчтой тодорхойлж чадаагүй, үүнтэй холбоотой хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа гэж албаныхан хэллээ. Тэр хэрээр төсөв ч нэмэгдсээр буй. Улс орнуудын туршлагаас харахад зорилтот бүлгээ тодорхойлох аргачлалаа өөрчлөн, тавигдах шаардлагаа илүү нарийвчлах, бодлого, үзэл баримтлалаа шинэчлэх, хэрэгцээнд нь тулгуурласан байдлаар нийгмийн хамгааллын интервенц хийх шаардлагатай аж. Үүний үндсэн дээр зарцуулах төсвөө хуваарилдаг болгох зэрэг бодлогын түвшинд хийгдэх олон ажил бий гэнэ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.05.25

О.Бат-Ундрах

Дээш