С.Чинзориг сайд "Оны шилдэг хүүхэд"-үүдэд шагнал гардууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр "Оны шилдэг хүүхэд"-үүдэд шагнал гардууллаа. ХНХЯ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, өсвөр насныхны авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр дуурайлыг алдаршуулах зорилгоор “Оны шилдэг хүүхэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай.
С.Чинзориг сайд шагнал гардуулах үеэрээ "Оны шилдэг хүүхэд"-ээр шалгарсан багачуудад хандаж "Төрүүлж өсгөсөн аав ээжийнхээ ачийг хариулж, улс орныхоо ирээдүйн хөгжлийг тодорхойлох хэмжээний мэргэжилтэй шилдэг ажилтан, мундаг боловсролтой хүн болоорой” гэж ерөөсөн юм. “Оны шилдэг хүүхэд”-ийг “Сурлагын амжилт”, “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир спорт, бие бялдрын хөгжил”, “Эх орны түүх, соёл өв уламжлал”, “Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага”, “Бүтээлч ажилч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа”, “Хүмүүнлэг энэрэнгүй үйлс”, “Техникийн сэтгэлгээ, шинийг сэдэх санал санаачилга”, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”, “Багийн амжилт” гэсэн 10 номинациар тодруулсан бөгөөд нийслэл болон орон нутгаас шалгарсан 136 хүүхдээс энэ удаа 38-ыг нь шилдгээр тодруулжээ.
Монгол Улс “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг 1991 оноос албан ёсоор зохион байгуулж эхэлсэн бөгөөд үе үеийн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд “Оны шилдэг хүүхэд”-ийн батламжийг гардуулан өгдөг юм. Мөн өнөөдөр үдээс өмнө үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд хүлээн авч, баяр хүргэн, шагнал гардууллаа.