С.ЧИНЗОРИГ САЙД ЯПОНД АЖИЛЛААД ИРЛЭЭ
-Ур чадварын дадлагажигч хөтөлбөрийг Японы төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлнэ-
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ сарын 20-22-нд Япон улсад ажлын айлчлал хийлээ. Сайдын энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол Улс Япон улстай хамтран хэрэгжүүлэх ур чадварын дадлагажигчийн хөтөлбөрийн хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах байсан юм. Монгол Улсаас Японд очиж буй ур чадварын дадлагажигчийн тоо жилээс жилд өсч өнгөрсөн зургадугаар сарын байдлаар нийтдээ 900 гаруй залуусыг техникийн төрөл бүрийн мэргэжлээр дадлагажуулсан байна. Тус улсын Хууль зүйн яамнаас гаргасан статистикаар Монгол Улс дадлагажигч илгээгчдийн тоогоороо наймдугаарт бичигддэг аж.
Японы парламент өнгөрсөн жил Ур чадварын дадлагажигчийн тухай хуулиа баталж, Засгийн газрынхаа бүтцэд гадаадын улс орноос хүлээж авах ур чадварын дадлагажигчийн асуудал хариуцсан агентлаг байгуулахаар болсон. Шинэ хуулиар байгуулагдсан Гадаад ур чадварын дадлагажигч хариуцсан төрийн байгууллага OTIT агентлаг нь үйл ажиллагаагаа албан ёсоор өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлснээр манай хоёр улсын хооронд Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломж бүрдсэн тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг Токиод урьсан.
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол энэ сарын 21-нд Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд болж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Японы Засгийн газрыг төлөөлж тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Като Кацүнобү нар гарын үсэг зурсан юм. Энэ үеэр сайдууд Ур чадварын дадлагажигч хөтөлбөр болон хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
С.Чинзориг сайд Монгол Улсаас Японд дадлагажигч илгээх чиглэлээр хоёр тал олон жил үр дүнтэй хамтран ажиллаж өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд олон зуун монгол залуусыг Японд дадлагажуулан, өндөр технологи, техникийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэн чадваржуулсан нь манай орны хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлж буйг дурдаад “Санамж бичиг байгуулснаар монгол залуус улс орондоо эрэлттэй мэргэжлээр өндөр хөгжилтэй орны техник, технологийн мэдлэг, ур чадварыг эзэмшин, эх орныхоо бүтээн байгуулалт, эдийн засагт хувь нэмэр оруулах боломж бүрдэж буй юм. Монгол Улсын ХНХЯ-ны зүгээс шинээр байгуулж байгаа санамж бичгийн хүрээнд гадаадын өндөр хөгжилтэй улс оронд залуусаа дадлагажуулах замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг зохицуулах, хүн амын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, улс орны эдийн засгийн салбарын үнэлэмжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бидний хичээл зүтгэл, хамтын ажиллагааны дүнд цаашид манай хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.
Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Като Кацүноби Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дараа Монголоос ур чадварын дадлагажигч Япон улсад илгээгч байгууллагын баталгаажуулалтыг хийх ёстойг хэлээд цаашдаа тогтмол санал солилцох механизмыг бий болгосноор хоёр орны хамтын ажиллагааны суурь улам бүр бэхжиж хамтын ажиллагааны шинэ эхлэл тавигдаж байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн Като Кацүноби сайд Япон улс 2023 онд “Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээн-World Skills Competition” –ийг Айчи мужид хийхээр нэрээ дэвшүүлж байгаа бөгөөд энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар оролцогч орнууд, бүс нутгийн ажил мэргэжлийн ур чадвар дээшлэхэд хувь нэмэр оруулахыг зэрэгцээ, олон улсын хамтын ажиллагаа гүнзгийрч, шинэ техник технологийг дэлхий нийтэд танилцуулах боломж бий болно хэмээн үзэж байгаа тул 2019 онд болох санал хураалтад Дэлхийн ур чадварын байгууллагын гишүүний хувьд Монгол Улс Японыг дэмжиж санал өгөхийг хүслээ.
С.Чинзориг сайд Монгол Улс Дэлхийн ур чадварын тэмцээнд 2015 оноос оролцож эхэлснийг дурдаад Япон оронд энэхүү тэмцээн болох асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн цаашдын хамтын ажиллагааны талаар Монгол-Япон хоёр орны хоорондын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргаж ажиллах, Японд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой Монгол-Япон хоёр орны Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулах зэрэг хэд хэдэн тодорхой саналуудыг тавьсан. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дээрх саналуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, Японд илгээх техникийн ур чадварын дадлагажигчдын асуудлоыг хариуцсан Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах тухай С.Чинзориг сайдын саналыг нэлээд олзуурсан юм.
Хөдөлмөр, нйигмийн хамгааллын сайд Японд хийсэн ажлын айлчлалынхаа үеэр санамж бичигт гарын үсэг зурахаас гадна Японы парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши, Гадаад ур чадварын дадлагажигчийн асуудал хариуцсан төрийн байгууллага /OTIT/-ын ерөнхийлөгч Сүзүки Ёшио болон тус улсад Монголоос очсон дадлагажигч ажилчдын ажлын нөхцөлтэй танилцаж, санаа бодлыг нь сонссон. Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяашитай Ур чадварын дадлагажигч ажилтны хөтөлбөрийн талаар ярилцаж, Монгол-Японы найрамдлын бүлгийн даргын хувиар Японы ажил олгогчдод Монголын талаар сурталчлах, монгол дадлагажигч ажилчдын давуу талыг таниулж өгөх, Монголоос техникийн дадлагажигч ажилтан авах асуудлаар анхаарч, тоог нэмэх тал дээр хамтран ажиллах, мөн хоёр орны хоорондын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргахад туслахыг хүслээ. М.Хаяаши С.Чинзориг сайдын саналуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлээд Ур чадварын дадлагажигч хөтөлбөрийн хүрээнд тулгарч буй гол асуудал нь хэлний бэрхшээл гэдгийг дурдаад дадлагажигч япон хэл сайн мэддэг бол илүү их боломж байгааг онцолсон.
Хугацаа богино ч албаны уулзалтууд олонтой байсан ажлын айлчлалаар шийдсэн асуудлуудын талаар бид дэлгэрэнгүй мэдээлэх болно.